Монгол Улс Азидаа тэнцвэртэй олон талт гадаад бодлого баримтлагч улс болов.
Өнгөрөгч онд төр засгийн тэргүүн нарын БНХАУ, БНСУ, Сингапур, ХБНГУ, АНУ-д хийсэн айлчлал нь Тэнцвэртэй, олон талт гадаад бодлого баримталсны нэг илэрхийлэл болсон.
БНХАУ, ОХУ, Японы Гадаад хэргийн сайд нар болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Францын Ерөнхийлөгч, Ромын папын айлчлал гэх мэтчилэн. Ямартай ч төрийн томоохон айлчлалын харьцуулалтыг гаргавал Монгол Улсад урьд өмнө нь 2-3 томоохон айлчлал хэрэгжүүлдэг байсан бол 2022-2023 онд өндөр дээд хэмжээнд 30 гаруй айлчлал хийсэн, үүнд хоёр хөрш, гуравдагч хөрш орнуудад хийсэн айлчлал гээд энэ тоон үзүүлэлтүүд чамлахааргүй өсөлттэй гарна. Үндсэндээ бол өнгөрсөн гурван жилийн хугацаанд төрийн өндөр дээд хэмжээний айлчлалууд ар араасаа цуварсан, гадаад харилцааны салбарт ургац арвинтай байсан гэхэд хилсдэхгүй. Ямартай ч олон улсын харилцааны амаргүй нөхцөлд дэлхийн "хүйтэн дайн"-ны хуваагдлын үед ийнхүү зовж бүтээсэн гадаад харилцаагаа эрхэмлэн зөв оновчтой ашиглаж улс орныхоо хөгжил дэвшлийг хангаж Монгол төрийн залгамж чанарыг зүлгэж сайжруулж байгаа нь яалт ч үгүй Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын хийсэн том ажлын нэг байсан гэдэгтэй олон хүн санал нийлэх байх.
Хэдийгээр Үндсэн хуульд зааснаар Монгол Улсыг гадаадад төлөөлөх бүрэн эрх ганцхан Ерөнхийлөгчид бий ч Засгийн газрын зүгээс гал алдуулахгүй алтан дундажийг барьж чадлаа. Гадаад харилцааны хувьд Монгол Улс нь энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан бодлоготой. Гэвч газарзүйн байршлын хувьд Монгол хоёр хөршөөсөө давж тоглох бололцоогүй, эдийн засгийн хувьд экспорт нь Хятадаас, импорт нь Оросоос хамааралтай, сул талтай. Хойд хөрш цоргоо, урд хөрш хилээ хаах вий гэсэн айдастай, аливаа асуудалд төвийг сахисан байр сууринаас ханддаг, тэгэхээс аргагүй. Газар нутгаа ачаад нүүх бололцоогүй, эдийн засаг, зэр зэвсэг, хүн амынхаа тоогоор жижиг буурай улсын төр хөршүүдтэйгээ байлдаж, гуравдагчидтай ихэрхэж харилцах нь утгагүй. Далайд байтугай, агаараар ч, хуурай замаар ч дэлхийд гарах гарцгүй Монголын геостратегийн хувьд тусладаг чухал түншүүдээ гуравдагч хөрш гэж бид дууддаг, тэдний ачаар ардчилал маань хамгаалагддаг. Өөрөөр хэлбэл, хөршүүдтэйгээ эвтэй, гуравдагчидтай нээлттэй байх нь, үндэсний аюулгүй байдлаа хамгаалах Монголын геостратеги юм. Ийнхүү Монгол Улсын Гадаад харилцааны салбарт гарсан айлчлалууд нь Монгол Улсыг аюулгүй байдалд улс төр талаасаа ч, эдийн засаг талаасаа ихээхэн ач холбогдолтой төдийгүй дэлхий дахинд Монгол Улсын нэр хүнд байр суурийг шинэ тавцанд гаргасан олон чухал үйл явдлуудаар арвин жил байлаа