УОК-оос мэдээлэл хийлээ. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Их Монгол”, “Дүнжингарав” худалдааны төвийн автозамын уулзварт шингэрүүлсэн байгалийн хий (газ) тээвэрлэж явсан том оврын автомашин, суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас Онцгой байдлын 3 алба хаагч амь насаа алдаж, 11 том хүн, 3 хүүхэд эмнэлгийн яаралтай тусламж авч, “Эдү апартмент” хотхоны 207 дугаар байр, “Глобал” интэрнэйшнл сургууль болон “Санни таун” хотхоны 830 дугаар байр, нийт 30 автомашин түймэрт өртөж шатсан. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, УОК, Онцгой байдлын ерөнхий газар болон бусад холбогдох байгууллага, ажлын хэсгээс хууль тогтоомжид заасан шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байгаа бөгөөд амь насаа алдсан, гэмтэж бэртсэн, иргэд, ААН-д учирсан эд хохирлын эцсийн дүнг гаргаж, олон нийтэд мэдээллэхээ Комисст мэдэгдсэн. Одоогийн байдлаар "Дэлбэрэлтийн улмаас 60 айлын орон сууц галд өртөж, тэр хавьд ажиллаж амьдардаг иргэдийн 29 автомашин шатсан гэнэ. Эдгээр айл өрхийн байр орон сууцыг нэн яаралтай засаж, хэвийн горимд оруулах ажлыг эхлүүлэх, энэ хооронд айл өрхүүдийг нөхцөл байдлыг нь дордуулахгүйгээр шаардлага хангасан орон сууцанд түрээсийн төлбөр хураамжийг нь төлж байрлуулах ажлыг зохион байгуулах"-аар болжээ.
Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комисс ослын шалтгааныг тогтоох, хохирлыг тооцоолох, осолд өртсөн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах, шаардлагатай тусламж үйлчилгээг зохион байгуулах чиглэлээр шуурхай ажиллаж байгаа бөгөөд эхний ээлжинд Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс мөнгө гаргаж орон байраар хангахаар болсон байна: Мөн хариуцлага алдсан хүмүүст хариуцлага тооцохоор ажиллаж байгаа бөгөөд хэрэгт холбогдол бүхий 2 жолоочийг саатуулан шалгаж байгаа юм байна.