Хятад улсын Хөдөө аж ахуй, ойн их сургуулийн (Northwest A & F University) эрдэмтэд анх удаа сүүний "голштин" үүлдрийн үнээг амжилттай хувилж чадсан тухай тус орны “Global Times” сонин мэдээлэв. Энэ үүлдрийн үнээ жилд бараг 18 тонн сүү өгдөг юм байна. Үнээний клон гаргаж авахын тулд эрдэмтэд соматик эсүүдийн цөмийг шилжүүлэх арга хэрэглэжээ. Тэд малын чихний эдүүдийг ашиглаж улмаар 3 клонтой болов. Эхний тугал 56,7 кг жинтэй, сонгож авсан үнээг яг дуурайсан байв... Ийм супер үнээ насан туршдаа нийт 100 тонн гаруй сүү өгнө гэж биологч эрдэмтэд тооцоолжээ. Дашрамд дурдахад, энэ туршилт Хятадын хувьд өндөр ач холбогдолтой. Яагаад гэвэл, Хятад улс сүүний үүлдрийн үнээний 70%-ийг гадаадаас худалдаж авдаг аж. Одоо Хятадад голштин-фриз үүлдрийн 6,6 сая үнээ бий.
Судалгааны багийн удирдагч Жинь Я Пин “Бид ойрын 2-3 жилийн турш ийм супер үнээг хувилж тоог нь 1000-д хүргэх зорилт тавин ажиллаж байна. Сүүний үнээний ийм сүрэгтэй болсон цагт манай орон гадаадаас мал худалдаж авахаа болино гэж бид найдаж байна” гэж мэдэгдэв. Хятадууд сүүлийн үед супер үнээнээс гадна гахай, морь, муур, нохой зэрэг амьтны клон гаргаж авсан билээ.