Иран улсын залуу хос нийслэл хот Тегераны төв талбайд романтик бүжиг бүжиглээд 10,5 жилийн ял авчээ. 22 настай Амир Ахмади ба түүний найз бүсгүй 21 настай Астиаж Хагига хоёулаа алдартай блогч, тэд нийгмийн сүлжээнд тус тусдаа 900 мянга гаруй дагагчтай.
Тэдний энэ бичлэг 2022 оны 10 сард бөөн дуулиан дэгдээсэн. Тухайн үед курд гаралтай Махси Амина гэдэг бүсгүйн үхлээс болж Иран даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байв. Гэтэл Астиаж бичлэг дээр хижаб өмсөөгүй төдийгүй гадаа гудамжинд эр хүнтэй бүжиглэж Ираны хатуу чанга хуулийг зөрчжээ. Ер нь Иранд олны өмнө бүжиглэхийг хорьдог, бас шариатын хуулиар эмэгтэйчүүд заавал үсээ далдлах ёстой. Гэтэл залуу хос романтик бүжиглээд зогсохгүй бичлэгээ интернэтэд цацсан аж. Бас бичлэг дээр тэдний ард Азади цамхаг (орчуулбал Эрх чөлөөний цамхаг) харагдаж байсан нь далд утга агуулсан гэж эрх баригчид үзжээ.
Залуу хосыг 11 сард баривчилж өмгөөлөгч авах эрхийг нь хүртэл хасав. Тегераны хувьсгалт Шүүх тэднийг “Ёс зүйгүй үйлдэл хийж янхандалт ба садар самууныг ил тодоор сурталчилсан, авлигыг өөгшүүлж дэмжсэн, улс орны аюулгүй байдлыг бусниулах зорилгоор цуглаан зохион байгуулж хуйвалдаан санаачилсан” гэж буруутган яллажээ. Тэд суллагдсаны дараа интернэт ашиглах эрхгүй, мөн 2 жилийн дотор Иранаас гарч явж болохгүй аж. Эрх баригчид энэ хэрэгт олон нийтийн анхаарал хандахаас сэргийлж тэдний ар гэрт дарамт шахалт үзүүлж байсан нь илэрчээ.
НҮБ-ын мэдээлснээр Иранд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөснөөс хойш 14 мянга гаруй хүнийг баривчилж, 20 гаруй хүнд цаазын ял ногдуулжээ. Түүнчлэн олон хүнийг удаан хугацаагаар хорих ялаар шийтгэжээ.
Романтик бүжиг бүжсэн биш 10,5 жил шоронд суухаар болжээ
2023-2-02
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.