Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөв болон түүнийг дагалдуулж баталсан хууль, тогтоомжид бүхэлд нь хориг тавьснаа 11.00 цагт мэдэгдсэн. Ерөнхийлөгчийн зүгээс 2025 оны төсвийг алдалгүй батлах ёстойг сануулж, хориг тавьсан юм.
Ерөнхийлөгч 2025 оны төсөвт хориг тавьсантай холбоотойгоор Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.
Сангийн сайд Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн зүгээс алдагдалгүй төсөв батлах ёстой гэж үзэж байна. Энэ хүрээнд төсвийн хөрөнгө оруулалт, урсгал зардлаа танах шаардлагатай нүүр тулна. 2025 оны төсвийн нэмэгдэж байгаа зардлын 60-70 хувь нь хуулийн дагуу нэмэгдэж байгаа урсгал зардал эзэлж байна. Тухайлбал, цалин тэтгэвэр тэтгэмжийн үнийн өсөлттэй уялдуулсан өсөлт, хууль хүчний байгууллагуудын бие даасан хуулийн өөрчлөлтөөр орж ирж байгаа зардал, Боловсролын багц хуулийг дагасан зардал гэх мэт. Энэ зардлуудыг эргэн харах нөхцөл байдал үүснэ. Төсвийн хэлэлцүүлгийн үед яригдсан томилолтын зардал, Соёлын яамны ваучер зэрэг нь алдагдалгүй төсөв батлахад хэмжээний хувьд маш бага зардалд багтана. Тэгэхээр алдагдалгүй төсөв батлахад Засгийн газрын үйл ажиллагаа талдаа багагүй хэмжээний таналт хийх шаардлагатай гэсэн үг.
Нэгэнт алдагдалгүй төсөв баталъя гэдэг чиг хандлага гарч эхэлсэн учраас Засгийн газар бэлтгэлтэй байгаа. Тооцооллуудаа эхнээс нь хийж байна. Маргаашаас УИХ-аар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах асуудал хэлэлцэгдэх байх. Хүлээж авна ч гэж харж байна. Тиймээс Засгийн газар Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, нааштай өөрчлөлтүүдийг хийх тал дээр санаачилгатай ажиллана.
Ирэх жилийн төсвийн орлого талдаа эрсдэл яригдаагүй. Зардал талдаа асуудал байгаа учраас эхлээд хөрөнгө оруулалтаа эрэмбэлж хасалт хийнэ. Хамгийн сүүлд урсгал зардал руу ордог. Тэгэхээр 2.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт болон урсгал зардлын таналт хийх замаар алдагдалгүй төсөв батална.
2025 онд 1.7 их наяд төгрөгийн шинэ хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөснөөс тал нь хасагдаж таарна. Үлдсэнийг нь төсвийн 34 ерөнхийлөгч захирагчийн урсгал зардлаас тэнцүү хасалт хийх байдлаар явна гэж ойлгох хэрэгтэй. Нөгөө талд хөрөнгө оруулалт танагдана гэдэг нь төлөвлөсөн том төслүүд, макро эдийн засгийн хувьд хүрэхээр төлөвлөсөн үзүүлэлтүүд хойшилно. Том төслийн бүтээн байгуулалтыг төсвөөр хийх боломж багасч байгаа учраас олон талт хөрөнгө оруулалтын эх үүсвэр татах, тэр чиглэлд түлхүү ажиллах шаардлагууд гарна.
Алдагдалгүй төсөв баталъя гэдэг дээр бүх түвшинд санал нэгдэж байна гэж харлаа. Тиймээс 2025 оны төсөвт тодотгол хийх УИХ-ын тогтоолоос илүү Ерөнхийлөгчийн хоригоо хүлээн аваад хэлэлцээд явах цаг хугацааны хувьд зөв хувилбар байх. УИХ-ын тогтоол болон Ерөнхийлөгчийн хоригийн агуулга нэг байгаа учраас эрх зүйн хувьд асуудалгүйгээр нь хоригоо хүлээн аваад хэлэлцэх болов уу гэж харж байна.