Итали улс соёл урлагийн үнэт зүйлс, түүхэн хөшөө, уран баримал зэргийг гэмтээж сүйтгэсэн тохиолдолд торгуулийн хэмжээг огцом нэмжээ. Шинэ хууль 2024 оны 2 сарын 8-наас хэрэгжиж эхэлнэ. Соёлыг сүйтгэгч жуулчдыг бүр авто машины үнээр буюу 20-60 мянган еврогоор торгох юм. Өөрсдийгөө эко гэж нэрлэдэг идэвхтэнүүд сүүлийн үед эртний уран баримал болон уран зураг зэргийг өнгөөр будах, шөл цацах, усан оргилуурт нүүрсний тоос асгах, гараа цавуудаж урлагийн сонгодог бүтээлд нааж сүйтгэх зэргээр авирлах нь улам олширсон. Тэд ийм байдлаар хүн төрөлхтөнийг нефть, байгалийн хий зэрэг ашигт малтмал ашиглахыг болиулж чадна гэж үздэг аж.
Жишээ: Германы блогч, 30 настай Янис Даннер найзуудтайгаа 2023 онд Италиар жуулчилж явахдаа дуулиантай, сонирхолтой бичлэг хийж блогтоо цацахаар шийдэв. Тэд түрээсэлж авсан шилтгээндээ “дүрсгүйтэж өгчээ”. Даннер энэ үеэр найзын хамт гоо бүсгүйн уран барималтай “сээтгэнэж” элдвээр авирлаж байлаа. Гэтэл гантиган баримал ийм “ачааллыг даасангүй” унаж хагарчээ. Энэ бол Виченцийн агуу зураач, барималч Энрико Буттийн бүтээл байсан юм, хуулбар биш эх уран баримал. Түүний үнэ ханш 200 мянган евро.
Өөр нэг жишээ: Австралийн Ласло Тот 1972 оны 5 сарын 21-нд агуу Микеланжелогийн “Lamentation of Christ" (Vatican Pieta) уран баримлыг 15 удаа алхаар цохиж сүйтгэжээ. Эртний гайхамшигтай, сод бүтээлийн зүүн гар тасарч хамар ба зовхи хагарч унаж нүүр царай сүйдсэн. Үүнээс хойш Итали анх удаа үнэт үзмэрээ хамгаалахын тулд сум нэвтэрдэггүй шил ашиглаж эхэлжээ.
Италийн Засгийн газар соёл урлагийн болон түүхэн дурсгалаа хамгаалах хууль тогтоомжоо чангатгасан гол шалтгаан ердөө энэ. Эко дээрэмчдийг өмнө нь 1500-15000 еврогоор торгож байсан бол одоо 20-60 мянган евро болгон нэмэгдүүлсэн. Мэдээж, энэ торгууль дээр урлагийн алдартай бүтээлийг сэргээн засварлах зардал нэмэгдэнэ. Үүнээс гадна соёл сүйтгэгчдийг 5 жил хүртэл хорих аж. Шинэ хууль мөн селфи хийх донтой хүмүүст ч хамаатай. Хэрэв эртний түүхэн хөшөөг тэврэх, дээр нь гарах зэргээр зургаа авахуулбал 10-40 мянган еврогийн торгууль төлнө.
#МЦогзолмаа орчуулав.
Дүрсгүй жуулчдыг 60000 евро хүртэл торгох хууль Италид хэрэгжиж эхлэв
2024-2-07
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.