Нийслэл Улаанбаатар хотыг бүсчилж хөгжүүлэх эрх зүйн болон бүтэц, зохион байгуулалтын реформыг Засгийн газар эхлүүлсэн. Энэ хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн гэр хорооллын бүсэд ажилладаг төрийн анхан шатны ажилтнуудтай өнгөрсөн сараас эхлэн Ерөнхий сайд уулзаж байгаа. Зургаа дахь уулзалтаа Баянгол дүүргийн 6-р бичил хорооллын “Бичил төв”-д хийж байна.
Тэрбээр “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” сэдвээр тус бүсийн хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цагдаа зэрэг төрийн байгууллагын ажилтнуудын санал бодлыг сонсож, улс орны өнөөгийн нөхцөл байдал, иргэдийг бухимдуулдаг хүндрэл, бэрхшээлээс гарах шийдлийг танилцуулж байна.
Тус бүсэд Баянгол дүүргийн 9, 10, 21, 22, 23-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 30, 31, 43-р хороо буюу гэр хорооллын нийт найман хороо, 773 га нутаг дэвсгэр хамрагддаг.