Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хорин минутын хот”-ын тухай ярьж байна. Улаанбаатар хотын түгжрэл хотын төвийн 86 га газарт төрийн захиргааны 50 гаруй төв байгууллага төвлөрдөгтэй холбоотой гэнэ. Тиймээс хотын бүтэц зохион байгуулалтыг шинэчлэнэ гэнэ. Дүүргүүдийг задлана гэнэ. Төрийн үйлчилгээг заавал хотын төвөөс авах албагүй гэнэ. Түгжрэл бухимдал үүсгэхгүйгээр 20 минутын хугацаанд хотоос үйлчилгээгэ авдаг болно гэнэ. Төрийн анхан шатны нэгжийн эрх мэдлийг нэмэгдүүлж, төсөв захиран зарцуулах эрх олгоно гэнэ.
Түүний энэ яриа сонгуулийн шоу болчихгүй бол төрийн захиргааны 50 байгууллагыг хотын төвөөс гаргах нь зөв. Дүүргүүдийг задлаж, эрх мэдлийн төвлөрлийг арилгах нь бүр зөв. Улаанбаатарыг утаа, түгжрэлээс нь салгаж чадвал түүний зураг хананд хадагдах байтугай нэр нь түүхэнд үлдэнэ, гарцаагүй..
Л.Оюун-Эрдэнийн реформыг дэмжих үндэслэл нь эдгээр үйлдэл, эс үйлдэхүй юм. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, сонгуулийн тогтолцооны гажуудлаа засахаас реформоо эхлүүлсэн. Тогтолцооны өөрчлөлтийн хүрээнд, улсыг 13 тойрогт , тэр дундаа Улаанбаатарыг сонгуулийн зургаан тойрогт хуваасан нь нийслэлийг эл зургаар бүсчилж хөгжүүлнэ гэсэн үг. Бүсчилсэн хөгжлийн бас нэг сайн тал нь төвлөрсөн эрх мэдлүүдийг задлана, 42 дүүрэгтэй болсноор нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нарын эрх мэдэл жижгэрнэ.
Улаанбаатар хотын түгжрэл бол хотын төвийн Бага тойруу орчмын 86 га газарт төрийн захиргааны 50 гаруй төв байгууллага төвлөрдөгтэй шууд холбоотой юм. Тиймээс хотыг 42 дүүрэг буюу 42 нэгжид хуваан эрх мэдэл олгож түгжрэлийг бууруулахаар төлөвлөөд байна. Өөрөөр хэлбэл, 5-6 хороог нийлүүлж нэг дүүрэг болгохоор төлөвлөөд байгаа юм. Тухайлбал, Таваншар дүүрэг, Толгойт дүүрэг, Амгалан дүүрэг, Улаанхуаран дүүрэг гэх мэтээр шинэ хуваарилалт хийх юм. Тус дүүргийн Засаг дарга нь иргэдийнхээ бүх асуудлыг хариуцаж төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлдэг болно гэсэн үг.