Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна
АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Эдийн засгийн бодлогын хорооны дарга, эдийн засагч Б.Ундраатай ярилцлаа.
-Монгол Улсын эдийн засаг өсч байна гэдэг ч иргэдийн амьдралд нөлөөлөхгүй, бодит орлого нь нэмэгдэхгүй байна. Яг үнэндээ өрнөөс өрний хооронд амьдарч байна. Эдийн засаг өсөөд байхад иргэдийн амьдрал сайжрахгүй байгааг та юу гэж тайлбарлах вэ?
-Манай улсын эдийн засаг 2023 онд долоон хувьд хүрч өссөн гэж байгаа нь яг үнэндээ Засгийн газрын зөв бодлогын нөлөө биш. Нүүрсний экспорт нэмэгдэж, уул уурхайн салбарын өсөлт, түүнээс хамааралтай тээвэр болон бусад салбаруудын идэвхжилтэй холбоотой өсөлт юм. Энэ долоон хувийн өсөлтийн 4.3 хувийг нь уул уурхай болон тээврийн салбарын өсөлт дангаар бүрдүүлсэн.
Эдийн засаг өслөө, улсын ашиг орлого нэмэгдлээ гээд л сайхан, сайхан тоо яриад байгаа ч ард иргэддээ энэ өсөлт хүртээмжтэй байж чадсан уу гэвэл үгүй. Иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулж чадсан өсөлт биш. Уул уурхайн салбараас үүдэлтэй хэдэн төгрөг ахиу орж ирдэг мөчлөгийн шинжтэй өсөлт нь эдийн засгийн өсөлтийг тогтвортой нэмэгдүүлэхгүй. Уул уурхай ч гэж дээ, нүүрсний салбар л даа. Арай ахиу нүүрс зарлаа, түүнийгээ тээвэрлэлээ. Тэр мөнгө нь нүүрсний эздийн халаасанд орчихсон. Нүүрсний сонсголоос энэ бүхнийг иргэд хангалттай сонсож, мэдсэн байх.
Онолоороо бол эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өндөр өсөлтийг хангаж чадсанаар хүний болон эдийн засгийн хөгжлийн суурь орчныг бүрдүүлж, монгол иргэн бүрийн амьдралын чанарыг дээшлүүлж, ядуурлын түвшин буурна. Гэтэл Монголын эдийн засгийн өсөлт хэлбэлзэл өндөртэй байдаг. Эдийн засгийн урт хугацааны тогтвортой, хүртээмжтэй өсөлт, хөгжилд хүрэх нь улс орны хөгжлийн стратегийн асуудал байх ёстой. Манай орны хувьд эдийн засгийн бодит салбар нь уул уурхай болон мал аж ахуй гэсэн хоёрхон тулгууртай.
Хувийн хэвшлийн хөгжилд тулгуурласан эдийн засгийн өсөлтийг бий болгож чадахгүй байна. Монгол Улсын хөгжлийн цаашдын чиг хандлага нь мэдлэгт тулгуурласан эдийн засагт шилжих, эдийн засгийн олон талт өсөлт бүхий оновчтой бүтцийг бий болгох, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь чухал. Эдийн засаг нь хүчтэй байж ард иргэд үнийн, өрийн дарамтад боомилогдсон хямралт байдлаас гарна. Гэтэл өнөөдөр инфляци, үнийн өсөлтөөс болж иргэдийн амьдрал өдрөөс өдөрт муудаж байна.
-Эдийн засаг өссөн, иргэдийн амьдрал муудсан гэдэг эрс тэс хоёр өнцөг байна. Эдийн засаг өссөн нь тоогоор батлагдаж байна. Харин иргэдийн амьдрал муудсаныг илтгэх тоо байна уу?
-Дэлхийн банк болон Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын ядуурлын түвшин 27.1 хувь буюу 914 мянган иргэн 418 мянган төгрөгнөөс доош орлоготой байна гэсэн судалгаа гаргасан. Сая шахам иргэн хагас сая төгрөг хүрэхгүй мөнгөөр амь зууж байна шүү дээ. 2022 оны энэ судалгаанаас ядуурлын шугамыг инфляцитай холбогдуулан нэмэгдүүлээд харахад иргэдийн талаас дээш хувь нь ядуурлын түвшинд орж байгаа. Үнэхээр эдийн засгийн өсөлт нь иргэдийнхээ амьжиргаанд нөлөөлдөг бол ядуурлын түвшин буурах ёстой биз дээ. Тэгээд ч эдийн засгийн өсөлт ядуурлыг бууруулахад дангаар нөлөөлдөггүй. Төрд нүүрлэсэн энэ их авлига нь эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүргэхгүй, ядуурлыг бууруулах боломжийг олгохгүй байна.
Энэ бүхнийг цогцоор шийдэхгүй, үр дүнтэй бодлого гаргаагүй байж эдийн засаг өслөө, бүх зүйл сайхан болж байна гэж хоосон лоозондоод байж болохгүй. Засгийн газар нийгмийн халамж, тэтгэвэр тэтгэмж, төрийн албан хаагчдын цалинг бага сага нэмсэн. Тэр жаахан нэмэгдэл ядуурлыг бууруулахад нөлөөлж чадахгүй. Өнгөрсөн өвөл үүссэн зудын нөхцөл байдлаас шалтгаалж хөдөө аж ахуйн салбарын уналт энэ онд үргэлжилнэ. Энэ нь нийт эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх магадлал өндөр. Цаашлаад төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, нийгмийн халамжийн өсөлттэй холбоотой эрэлтийн нөлөө нэмэгдэх зэргээс шалтгаалж харин ч инфляци дахин өсөх эрсдэлтэй байгаа. Энэ бүхэн ядуу болон бага орлоготой өрхүүдийн амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлж байна.
-Монголбанк инфляци буурч байна гэдэг боловч өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн хэвээр байна. Инфляцийн энэ тооцоолол зөв байж чадаж байна уу?
-Инфляцийн түвшин 2024 оны гуравдугаар сарын байдлаар долоон хувьтай гарсан байсан. Энэ хувийг тодорхойлоход хэрэглээний үнийн индексийг гол үзүүлэлт болгон ашигладаг. Индексийг тооцох зорилготой хэрэглээний сагс гэж байгаа. Хэрэглээний сагс нь дундаж өрхийн хэрэглээг төлөөлөх чадвартай хүн амын өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний нэр төрлийн жагсаалт. Үүнд 12 төрлийн 370 гаруй бараа, үйлчилгээ ордог байсныг жил гаруйн өмнө 13 бүлгийн 410 нэр төрөл болгож нэмэгдүүлсэн. 410 бараа үйлчилгээний дундаж статистик тоогоор л инфляци долоон хувьтай харагдаж байна. Гэтэл ихэнх бага, дунд орлоготой иргэдийн өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг лангуун дээр байгаа нөгөө мах, гурил, сүү, талх гээд үсрээд 10 хүрэхгүй нэр төрлийн барааны үнийн өсөлт чинь энэ хувиасаа харьцангуй өндөр байна. Яг бага орлоготой иргэдэд энэ 410 нэр төрлийн бараа, үнэндээ хамаарахгүй байгаа.
Инфляци одоо долоон хувь гэж байгаа ч өмнөх хоёр жилийн хугацаанд 13, 14 хүрсэн. Сүүлийн жилүүдэд гурил, будаа, талхны үнэ тасралтгүй нэмэгдэж байна. Гэтэл дизель түлшний үнэ 30 хувиар нэмэгдээд удлаа. Суудлын автомашин унаж байгаа иргэд шатахууны өсөлт мэдрэгдээгүй байх. Яагаад гэвэл АИ-92 шатахууны үнэ өсөөгүй, барьж байгаа. Гэтэл дизель түлшний үнэ нэмэгдсэнээр бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх суурь шалтгааны нэг болсон.
2016 онтой харьцуулбал, өнгөрсөн найман жилийн хугацаанд өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2-3 дахин өсчихлөө. Гэтэл орлогын түвшин яаж өссөн билээ. Орлогын өсөлт бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөө гүйцэхгүй байна. Ийм байхад яаж иргэдийн амьжиргаа дээшлэх юм бэ. Эрх барьж байгаа МАН 2016 онд хоёр хувьтай байсан инфляцийг өсгөөгүй бол өнгөрсөн найман жилийн хугацаанд бараа, бүтээгдэхүүний үнэ 16 хувиар л өсөх байсан гэсэн үг. Гэтэл өнөөдөр мах, гурил, сүү, талх гэхэд л 2016 оноос 120-190 хувиар буюу 2-3 дахин өсчихсөн байгаа. Найман жилийн өмнө савласан нэг кг алтан тариа гурил 1294 төгрөг байсан бол одоо 2949 төгрөг болж, 128 хувь буюу 2.3 дахин өссөн байна. Гэтэл дэлхийн зах зээл дээр гурилын үнэ зургаан жилийн өмнөх үнээрээ байж л байна.
Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний инфляци өндөр байгаагийн зэрэгцээ сонгууль угтсан төсвийн зардлын тэлэлт, Эрдэнэс Таван толгойн ногдол ашиг, төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдсэн нь эдийн засгийн тогтворгүй байдал үргэлжлэх нэг том нөхцөл болохоор байна. Мөн зудын нөхцөл байдал зэрэг дотоод шалтгаанаар инфляци 2024 онд эргээд өсөх эрсдэл бий.
-Эрх баригчдын буруу бодлого, сонгууль угтсан мөнгө тараалт урт хугацаандаа иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж, улам л сөхрүүлэх нь гэж ойлгож болох уу?
-Эдийн засагт уялдаа холбоогүй зүйл гэж байхгүй. Нэг хоёр буруу бодлого 10, 20 алдаа, хүндрэлийг араасаа дагуулдаг.
Орлогын өсөлт нь амьжиргааны зардал, үнийн өсөлтөө давахгүй байгаа учраас иргэд арга буюу зээл авч өрх гэрийнхээ амьжиргааг залгуулж байна. Энэ нь ч тоо баримтаар тодорхой байгаа зүйл. Өрхийн дундаж бодит орлого нэмэгдэлгүй 8 жил боллоо. Энэ хугацаанд үнийн өсөлтөөс улбаалан зарлага эрс өсөж, дундаж монгол айлын орлого нь зарлагаа гүйцэхгүй, зээлээс зээлийн хооронд амь зогоож байна. Уул уурхайгаас бусад ихэнх бизнес мөн адил өр зээл, бартерын солилцоогоор аргацааж байгаа. Өнөөдөр монголчууд бүгд өрийн дарамтад амьдарч байна. Улс нь, аж ахуйн нэгж байгууллагууд нь, иргэд нь бүгд зээлтэй, өртэй байна. Улсаа хөгжүүлж, иргэдийн амьдралыг сайжруулахын тулд эхлээд бүгд өрнөөсөө салах хэрэгтэй.
Уг нь одоо эрх барьж байгаа МАН 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө цалингийн бодит хэмжээг инфляци, үнийн өсөлттэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого баримталж, иргэдийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг хоёр дахин бууруулна, бага, дунд орлоготой иргэдийг дэмжих банк, санхүүгийн тогтолцоо бий болгож, иргэдэд бага хүүтэй зээл олгоно, зээлийн хүүг бууруулж, сарын нэг хувиас хэтрүүлэхгүй болгоно гэж амласан. Гэтэл өнөөдөр энэ амлалтуудаас нэг нь ч биелээгүй байна. Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн 87 хувь нь банкинд дунджаар 8.6 сая төгрөгийн зээлтэй байна гэсэн судалгаа гарсан. Үүн дээр ББСБ, ХЗХ, ломбард, аппликэйшний зээлүүдийг оруулбал нийт иргэд бүгд зээлтэй байна.
-Иргэд хэрэглээний зээл авч байгаа нь намын мөрийн хөтөлбөр, Төрийн бодлоготой хамаагүй гэх л байх даа?
-2016 онд нийт насанд хүрсэн иргэдийн 43 хувь нь зээлтэй байсан. Одоо 87 хувь нь зээлтэй байна. Хоёр дахин нэмэгдсэн байгаа биз. Зээлийн төрлүүдийг аваад үзье л дээ. 2016 оны үед иргэд ипотекийн зээл буюу өмч хөрөнгөтэй болгох урт хугацааны, бага хүүтэй зээл их байсан. Харин одоо бол орлого нь амьжиргааныхаа зардалд хүрэхгүй байгаа учир хэрэглээний зээл дийлэнх хувийг эзэлж байна. Хэрэглээний зээлүүд нь хугацаа бага, өндөр хүүтэй байгаа учраас иргэд банк, санхүүгийн байгууллагад өндөр хүү төлж, давхар давхар зардлаа өсгөөд байгаа юм. Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос 2019 онд банкны нийт хэрэглээний зээлийг бууруулах зорилгоор тэтгэврийн зээлээс бусад хэрэглээний зээлийн өр, орлогын харьцаа 70 байсныг бууруулж, 60 хувиар тогтоох шийдвэр гаргасан. Монголбанк нь өөрөө ийм шийдвэр гаргаж банкнаас зээл авах дүнг багасгаснаар иргэд нь өнөөдөр яалт ч үгүй хэрэглээний зээл авах хэрэгцээтэй байгаа учраас банк бус болон бусад зээлийн үйлчилгээний газраас өндөр хүүтэй зээл авах нөхцлийг бүрдүүлчихсэн. ББСБ-д сарын 3-4 хувь, жилийн 36-48 хувийн хүү буюу банкнаас авснаас 2, 3 дахин зээлийн өндөр хүүнд иргэд дарлуулаад амьдарч байна. Үнэндээ дэлхийд байхгүй хүүтэй улс болсон байна. Иргэдээ ингэж зээл, өрийн дарамтад оруулсан нь иргэдийн амьжиргааг бүр л хүнд нөхцөлд аваачиж байна. ББСБ-ын мөнгө нь ер нь л хулгайны мөнгө гэж хэлэхэд хилсдэхгүй. Голцуу л хэдэн дарга, улстөрчид, тэдэнтэй ойр хүмүүсийн хулгайлаад олсон л мөнгө байгаа. Энэ мөнгө хүүлэлтэд жирийн иргэд л хохироод өндөр хүүг нь төлөөд амьдарч байна.
Төв банкны тухай хуулиараа Монголбанк төрийн мөнгөний бодлогыг боловсруулж, хэрэгжүүлдэг байгууллага. Үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн тогтвортой байдлыг хангах үндсэн зорилтот ажлаа хийж чадаж байна уу. Сүүлийн 8 жилийн турш Монголбанк бодлогын хүүгээ 13 дээр барьж байгаад саяхан 12 хувь болгосон. Бодлогын хүүг ийм өндөр байлгаад байгаа нь зээлийн хүү өндөр байхад нөлөөлөөд байна. Төв банк нь 1 төгрөгөө 13 хувийн хүүтэй зээл гээд хүчээр тулгачиж байна. Банкны эзэд, банк бусын эздэд доод хүүг нь 13 хувь гээд тавиад өгчихөөр тэд хүүгээ тэрнээс дээшээ тавих нь тодорхой. Энийг мөнгө хүүлэлт гээд байгаа юм.
-Энэ их мөнгө хүүлэлтийн эсрэг яаж ажиллах ёстой гэж та бодож байна вэ?
Аливаа улсын эдийн засагт сангийн бодлого болон мөнгөний бодлого байна.
Татвар төлөгчдийн мөнгийг Засгийн газар удирдаад зарцуулж байгаа нь сангийн бодлого юм. Парламентийн засаглалтай оронд ялсан намын Засгийн газар энэ мөнгөөр намын бодлого, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд зарцуулдаг.
Гэтэл нөгөө талдаа хамгийн чухал мөнгөний бодлого нь хаягдчихаад байна. Мөнгөний бодлогыг Монголбанк хэрэгжүүлдэг. Монголбанк маань засгийн газрын тохируулагч нь байх ёстой. Харамсалтай нь Монголбанк Засгийн газрын үгээр, тэдний гаргасан шийдвэрийн араас ажиллаад байна уу гэж анзаарагдаж байна.
Парламентын засаглалтай оронд Төв банкны шууд удирдлага нь УИХ. Монголбанк нь үйл ажиллагаагаа УИХ-ын өмнө тайлагнаж, жил бүр төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг боловруулж УИХ-аар батлуулдаг.
Тэгэхээр энэ инфляцийн өсөлт, ханш, үнийн өсөлт, зээлийн хүү зэрэг сая дурдсан энэ бүх асуудлыг шийдэхийн тулд Монгол банк маань ажлаа зоригтой хийж, үнийн тогтвортой байдлыг хангах бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
-Кабелийн телевизийнхээ төлбөрийг төлөөгүй үед ч иргэдийг зээлийн мэдээллийн санд шууд оруулдаг, муу түүхтэй мэтээр харуулдаг асуудалд иргэд маш их бухимддаг. Байгууллагууд хэт давуу эрхтэй, эсрэгээрээ иргэд нь хохирдог жишээ их. Төв банкнаас энэ сарын 16-ны өдөр Монголбанкны зээлийн мэдээллийн санд тохируулга хийх шийдвэр гаргаж, муу зээлийн түүхийг нь арилгахаар боллоо. Энэ асуудалд та ямар байр сууринаас хандаж байгаа вэ?
-Монголбанкнаас гаргасан мэдэгдлийг харахад энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс өмнөх муу зээлийн түүхтэй бүх иргэд, аж ахуйн нэгжүүдийн зээлийн түүхийг мэдээллийн сангаас арилгах тохируулга хийлээ гэж ойлгосон. Монголбанкны энэ мэдэгдэл мэдээж шууд утгаараа муу зээлийн түүхээсээ болоод зээл авч чадахгүй болчихсон иргэд, байгууллагын хувьд сайн мэдээ.
Ер нь бол зээлийн мэдээллийн санд чанаргүй, муу зээлийн түүхтэй байлаа гээд зээл олгохгүй гэсэн ямар ч хууль, дүрэм, журам байдаггүй. Зээлийн түүх гэдэг нь зээлдэгчийн санхүүгийн сахилга батыг илэрхийлж байгаа учраас банк, санхүүгийн байгууллагууд тухайн хүний өмнөх болон одоогийн санхүүгийн чадамж, эрсдлийг тооцож зээл олгох эсэх шийдвэрээ бие даан гаргадаг. Арилжааны банкууд өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд чанаргүй зээлдэгчээр бүртгэгдсэн бол зээл олгохоос татгалзаж болно.
Зээлийн мэдээллийн сан, зээлийн мэдээллийн лавлагаа гэж байдаг. Энийг ялгаж ойлгох хэрэгтэй болов уу. 2011 онд батлагдаж байсан Зээлийн мэдээллийн тухай хууль гэж байгаа. Энэ хуулийн 19.1 дээр “Зээлийн мэдээллийн санд цуглуулсан зээлийн мэдээллийг уг санд хүлээн авсан өдрөөс хойш 10 жилийн хугацаанд хадгална” гэж заасан байдаг бол 11.1 дүгээр хэсэг дээр зээлдэгчийн сүүлийн 6 жилийн мэдээллийг зээлийн лавлагаанд тусгадаг. Өөрөөр хэлбэл, таны зээлийн сөрөг мэдээлэл зээлийн мэдээллийн сангийн лавлагаанаас зургаан жилийн дараа арилах боловч Монголбанкны зээлийн мэдээллийн санд 10 жил хадгалагдаж л байдаг юм. Харин Сангийн сайд нэг сайтад өгсөн ярилцлагдаа харилцагчийн зээлийн мэдээллийг 10 жил хадгалагддаг байсныг бид зургаан жил болгосон гэж ярьсан байна лээ.
Энэ оны нэгдүгээр сарын 22-нд нэг иргэн Монголбанкны зээлийн мэдээллийн санг шинэчлэх хуулийн төсөл санаачлах талаар санал гаргасан байсан. Монголбанкны зээлийн мэдээллийн санд иргэд ангилал буурч орсноор банк, санхүүгийн байгууллагаас үйлчилгээ авч чадахгүйд хүрдэг. Мэдээлэл нь зургаан жил болж байж устаж буйг өөрчлөх. Зээлээ төлсөн иргэдийн ангиллыг хэвийн болгох хугацааг өөрчилье гэдэг санал. Тэгэхийн тулд Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн холбогдох хууль, журмыг өөрчилж өгөхийг хүссэн өргөдөл гаргасан хэрэг. Гэтэл 100 мянган санал цуглуулах ёстойгоос ердөө дөрвөн мянга гаруй л хүн гарын үсэг зурсан байсан. Монголбанкнаас гаргасан мэдэгдлээр бол иргэдийн зээлийн лавлагаан дээр гарч ирэхгүйгээр тохируулсан ч хуулиараа зээлийн мэдээллийн сан байдгаараа байж байх ёстой болчихоод байна. Яагаад гэвэл хуулинд өөрчлөлт ороогүй.
Яг үнэндээ Монголбанкны шийдвэр сахилга баттай зээлээ төлж байсан иргэдэд шударга бус тусахаар байгаа. 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар 29.1 их наяд төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй байгаагаас 88.6 хувь буюу 25.8 их наяд хэвийн, үлдсэн 11.4 хувь буюу 3.3 их наяд нь хугацаа хэтрэлттэй, чанаргүй зээл байна.
Нийт зээлийн 60-аад хувь нь иргэдийн зээл байхад хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн 74.5 хувь нь байгууллагынх байна. Эндээс харахад, иргэд ихэвчлэн цалин, тэтгэвэр, хадгаламжаа барьцаалж хэрэглээний зээл авдаг учраас хугацаа хэтрэлт, чанаргүй зээлийн ангилалд багтах нь бага. Жижиг, дунд аж ахуйн нэгжүүд ч зээлийн мэдээллийн санд муу түүх үлдээхгүйн тулд аль болох хугацаандаа төлөхийг хичээдэг. Тэгэхээр энэ шийдвэр нь сахилга батгүй хэдэн томоохон аж ахуй нэгжүүдэд хамааралтай юу, магадгүй сонгуулийн жилтэй холбогдуулж гаргасан шийдвэр үү гэх хардалтыг төрүүлж байгаа юм.