Уулзалт, хэлэлцүүлгийг нээж Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан “Холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж, даатгагчийн баталгаа гаргах эрх зүйн орчныг бүрдүүлснээр даатгалын салбар төдийгүй, санхүү, эдийн засгийн салбарт эерэг өөрчлөлтүүдийг авчирна гэж харж байна.Энэхүү нэмэлт өөрчлөлтөөр даатгалын компаниуд иргэд, аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн зээлийн баталгаа, барьцаа хөрөнгийн дутагдлыг арилгаж, улс орны бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүд, орон сууцжуулалт, жижиг дунд үйлдвэрлэлийг хэвийн, найдвартай явуулах нөхцөлийг бүрдүүлэгч, батлан даагч болох боломжтой боллоо.
Нөгөө талаар даатгалын салбарын хамрах хүрээ, нийгэм эдийн засагт үзүүлэх үр нөлөө нэмэгдэхийн хэрээр зохицуулагч байгууллага болон салбарын оролцогчид та бидний хувьд даатгагчийн баталгаа гаргах үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд буюу нарийн төлөвлөлт, судалгаа шинжилгээ, мэдээллийн сан, мэргэшсэн боловсон хүчин, удирдлага зохион байгуулалтын чадварлаг, ёс зүйт бүтэц, бүрэлдэхүүн бүхий эрсдэлийн удирдлагын тогтолцоог бүрдүүлэн гүйцэтгэх зайлшгүй шаардлага бий болоод байна.
Санхүүгийн салбарт шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, тэдгээрийн хууль эрх зүйн орчныг бий болгон хөгжүүлэх, практикт бодит үр дүнг бий болгоход төр хувийн хэвшлийн, тэр дундаа зохицуулагч байгууллага болон салбарын оролцогчид, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй” гэдгийг онцоллоо.
Сэтгэгдэл (2)