Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко манай оронд 2024 оны 6 сарын 1-4-нд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгч А.Г.Лукашенко болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНБУ-ын Гадаад хэргийн сайд С. Ф. Алейник болон албаны бусад хүн угтан авав. Манай 2 орон 1992.1.24-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Беларусийн талаас Монгол Улсад анх удаа Төрийн тэргүүний түвшинд ийнхүү айлчилж байна.
2 Ерөнхийлөгч Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийв. Бүгд Найрамдах Беларусь Улсын төрийн айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой гэдэгт Талууд санал нэгдэж “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ” байгуулж хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.
Хэлэлцээний үеэр Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан зорилтууд болон “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах талаар ярилцав. Талууд мөн худалдаа, хүнс, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин, онцгой байдал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо.
Талууд дараах хэдэн баримт бичигт гарын үсэг зурлаа. Үүнд:
МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛС ХООРОНД 2024-2026 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЗАМЫН ЗУРАГЛАЛ
Харилцаа, хамтын ажиллагааг тухайлбал, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, барилга, уул уурхай, спорт, аялал жуулчлал, соёл, мэдээлэл зэрэг салбарт хөгжүүлнэ.
БОЛОВСРОЛЫН БАРИМТ БИЧИГ, ЭРДМИЙН ЗЭРГИЙН ГЭРЧИЛГЭЭГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР
Талууд бакалавр, магистр, доктор болон бусад төрлийн боловсролын баримт бичгийг харилцан хүлээн зөвшөөрч, энэ салбар дахь харилцааг хөгжүүлэн, боловсролын чанарыг ахиулах талаар хамтран ажиллана.
ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХИЙГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ, СОЛИЛЦОХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ТЭЭВРИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ
Беларусь Улсад байнга оршин суугаа монгол иргэд, Монгол Улсад байнга оршин суугаа беларусийн иргэд жолоодох эрхийн үнэмлэхээ тухайн суугаа улсын жолоодох эрхийн үнэмлэхээр солиулах боломжтой болно.
ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ОНЦГОЙ БАЙДЛЫН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ
Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, галын аюулгүй байдал, түймэртэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллаж, салбар хоорондын мэдээлэл, туршлага солилцож, мэргэжилтэн бэлтгэнэ.
ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ,
ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ОЮУНЫ ӨМЧИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ
Мэдээлэл, туршлага солилцох, арга хэмжээ зохион байгуулах, мэргэжилтэн сургах, мэргэшүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Оюуны өмч эзэмшигч, зохиогчид бүтээлээ гадаад зах зээлд гаргах, эдийн засгийн эргэлтэд оруулахад хоёр улсын мэргэжлийн байгууллага ажлаа уялдуулна.
ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ҮАБЗ-ИЙН АЖЛЫН АЛБА, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ҮАБЗ-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗАР ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ,
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНИКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ҮНДЭСНИЙ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР
Шинжлэх ухааны академи хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох эрх зүйн үндэс бүрдлээ. Эрчим хүч, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, анагаах ухаан, эм зүй, хими болон нано зэрэг өргөн хүрээтэй салбарт хамтран ажиллах боломж нээгдэж байна.
Хамтарсан судалгаа, инновацын төсөл хэрэгжүүлэх замаар шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг дэмжих, судлаач, мэргэжилтэн бэлтгэх хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж, эрдэм шинжилгээний бага хурал, семинар, уулзалт зохион байгуулна.
БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ЗАМЫН ЗУРАГЛАЛ
Замын зураглал нь эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх, ахисан түвшний сургалт зохион байгуулах зэргээр хоёр улсын их, дээд сургууль хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хүмүүнлэг, соёл, урлагийн харилцаа, залуу үе хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх ач холбогдолтой.
ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ЗАМЫН ЗУРАГЛАЛ
Хөдөө аж ахуйн салбарт өмнө байгуулсан баримт бичгийн хэрэгжилтийг хангаж, мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалангийн чиглэлээр ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх ажлын талаар тусгажээ.
БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН БАЙГАЛИЙН БАЯЛАГ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ
Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах чиглэлээр салбар хариуцсан яам хоорондын урт хугацааны хамтын ажиллагааны үндсийг тодорхойлох баримт бичиг юм. Түүнчлэн байгалийн нөөцийн менежмент, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр туршлага солилцох, харилцан төлөөлөгч илгээх, эрдэм шинжилгээний семинар, хурал зэрэг арга хэмжээ хамтран зохион байгуулна.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ ХООРОНДЫН ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ
Аялал жуулчлалын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, туршлага, мэдээлэл солилцох, аялал жуулчлалын маркетинг болон сурталчилгаа хийх, хувийн хэвшлийн байгууллага хоорондын харилцааг хөгжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлнэ.
Дараа нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, А.Г.Лукашенко нар мэдээлэл хийлээ
Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш беларусийн талаас төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны айлчлалын үеэр уламжлалт, найрсаг харилцааг бататгаж, “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-нд гарын үсэг зурсанд баяртай байгаагаа Ерөнхийлөгч нар илэрхийлэв. Талууд эдийн засаг, худалдаа, боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө гэдгээ нотоллоо. Төрийн айлчлалын үеэр харилцаа, хамтын ажиллагааны ололт, амжилтыг бататган, эдийн засгийн агуулгаар баяжуулахад чиглэсэн, хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц, харилцан ашигтай төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх талаар ярилцлаа.
Айлчлалын үеэр байгуулсан гэрээ, хамтын ажиллагааны замын зураглал, хэлэлцээр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, хууль, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин, аялал жуулчлал, онцгой байдал, оюуны өмч зэрэг салбарт хамтрах тухай баримт бичгүүд, бизнес форум нь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдгийг төрийн тэргүүн нар тэмдэглэв.
Төрийн айлчлалын үеэр хийсэн яриа хэлэлцээ, харилцан тохиролцсон асуудлын мөрөөр хоёр орны Засгийн газар, холбогдох байгууллагууд идэвх, санаачилгатай ажиллаж, бодит үр дүн гаргана гэдэгт итгэл төгс байгаагаа талууд илэрхийллээ.
Монгол Улс нь Бүгд Найрамдах Беларусь Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг 1991 онд хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн улсын нэг байсныг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх онцолж, "Мөн Беларусийн мэргэжилтнүүд үйлдвэр, завод, орон сууц, сургууль, цэцэрлэг, соёлын барилга, байгууламж болон Эрдэнэт, Дархан, Налайх, Багануур, Шарын гол зэрэг хот, суурин газрын бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж байлаа" хэмээн ярилаа.
Ерөнхийлөгч А.Г.Лукашенко "Монгол Улсын хэрэгжүүлж буй гадаад бодлого, түүнийг хэрэгжүүлж буй прагматик хандлага бидэнд ойр, ойлгомжтой байдаг. 2 орны харилцаанд ямар нэг хүндрэл, үл ойлголцол байхгүй. Цаашид өргөн хүрээнд, урт хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллах сонирхолтой байгаа... Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг БНБУ-д төрийн айлчлал хийхийг урьж байна" хэмээжээ.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтарна
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн угсралт, үйлдвэрлэл, засвар, үйлчилгээний хамтарсан төв, үнээний хамтарсан ферм байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, шилмэл үүлдрийн үхрийн генийн нөөцийг сайжруулах, махны экспортыг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Беларусийн эрдэмтэд археологи, малтлага, хээрийн судалгаанд оролцоно
Талууд боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ. Хоёр улсын Шинжлэх ухааны академи хамтарсан судалгааны төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа бөгөөд беларусийн эрдэмтэд археологийн малтлага, хээрийн судалгааны ажилд оролцох боллоо.
Олон монгол иргэн Беларусь Улсад суралцаж, боловсрол, мэргэжил эзэмшсэн. Одоо тус улсын тэтгэлгээр манай 28 оюутан Беларусийн техник мэргэжлийн дунд сургууль, их дээд сургуульд суралцаж байна. Талууд цаашид Ерөнхийлөгчийн “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцлоо.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллана
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хүнсний аюулгүй байдал зэрэг дэлхийн нийтийн өмнө тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэхэд олон улсын хамтын нийгэмлэг, улс орон бүрийн хүчин чармайлт, хувь нэмэр чухал гэдэгтэй санал нэгдэж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Беларусь Улстай хамтран ажиллахаар тохиролцлоо.
Эх сурвалж: president.mn