Японы түүхэнд байгаагүй асар олон хүн гемолитик стрептококкоор өвчилж тус орны хүн амыг түгшээж эхэлсэн тухай дэлхийн ХМХ мэдээлэв. "Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гемолитик стрептококкоор өвчлөгсдийн тоо 3 дахин өссөн. Он гарснаас хойш энэ өвчин 2000 гаруй хүнд халдварлажээ. Ялангуяа Токио хотод нөхцөл байдал хүнд байна... Халдварын эх үүсвэрийг тодорхойлж чадаагүй" хэмээн Японы Эрүүл мэндийн яам мэдэгджээ. Гэхдээ энэ өвчний тухай бодит мэдээллийг эрх баригчид нууж байгаа хэмээн Японы ХМХ сэжиглэж байна.
Гемолитик стрептококк нь ил шарх болон агаар дуслын зам, ойрын хавьтлаар дамжин халдварлаж янз бүрийн эрхтэн, эдүүдэд халдварлаж сепсис үүсгэдэг. Халдвар авсны дараа шархтай газар улайх ба өвдөх, хавагнах, шарх хавьцаах арьс илүү халуун мэт мэдрэгдэх, цэврүүтэй тууралт үүсч хурдан тархах, цусны даралт ихсэх, зүрх дэлсэх, ухаан балартах зэрэг шинж тэмдэг илэрдэг юм байна.
"Антибиотик уух, эрчимт эмчилгээ хийх, мэс засал хийх зэргээр гемолитик стрептококкийг эмчилдэг. Хурдан эмчлүүлэхгүй бол сепсис, эрхтэний дутагдал болж улмаар үхэлд хүргэх аюултай. Дархлаа сул, архаг өвчтэй хүмүүс, ахмад настнуудын хувьд эрсдэл өндөр. Энэ өвчнөөс хамгаалахын тулд гараа тогтмол угаах, халдвартай хүмүүстэй харьцахаас зайлсхийх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Ер нь стрептококк тархах эрсдэл өндөр бөгөөд асар их уршиг дагавар авч ирж болзошгүй" гэж шинжээчид сэрэмжлүүлэв.
"Японд энэ өвчин өргөн тархахад 3 хүчин зүйл нөлөөлсөн гэж би үзэж байна. Нэгт, Японы эрх баригчид ковидын эсрэг хатуу бодлогыг тууштай авч байсан. Хүмүүс удаан хугацааны турш тусгаарлагдмал байж аливаа халдварт эмзэг, өртөмтгий болсон байх талтай. Гэтэл одоо бүх хориг цуцлагдаж маск ч зүүхээ больсон. Хоёрт, антибиотикийн хяналтгүй хэрэглээ. Антибиотикийг замбараагүй хэрэглэдэг бусад оронтой харьцуулахад Японд энэ үзүүлэлт бага. Гэхдээ Цар тахлын эхэн үед япончууд ковидыг антибиотикоор эмчлэх гэж оролдож байсан юм. Гуравт, гараа хэт ойр ойрхон ариутгагч уусмал, антисептик шингэнээр ямар ч тун хэмжээгүй угааж байснаар бактерийн эсрэг эм хэрэгсэлд илүү тэсвэртэй патоген үүсэх нөхцлийг бий болгосон бололтой. Одоо гемолитик стрептококк зөвхөн энэ нутагт, цөөн хүнд халдварлаад байна. Хэрэв эдгээр тохиолдлыг богино хугацаанд зөв оношилж зохих эмчилгээг хийж чадвал энэ өвчин ковид шиг дэлхий даяар тархахгүй гэж найдаж байна” хэмээн Оросын халдварын эмч Андрей Поздняков ярилаа.
#МЦогзолмаа орчуулав.
Японы 2000 гаруй хүн стрептококкийн халдвар авчээ
2024-6-12
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.