Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хуралдаанд ажиглагчаар оролцохоор Казахстаны Астан хотод айлчилж байхдаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа.
Төрийн тэргүүн нар Монгол, Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр гүнзгийрүүлэх, шинэ агуулгаар баяжуулах зорилтын хүрээнд хоёр талын худалдааны татварыг бууруулах, дэд бүтэц, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон, төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. ОХУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалын тэргүүлэх чиглэл хэмээн Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хэлжээ.
Монгол Улс ба Евразийн эдийн засгийн холбооны хооронд Чөлөөт худалдааны тусгай хэлэлцээр байгуулах яриа, хэлэлцээ амжилттай өрнөж буйг Ерөнхийлөгч нар онцолж, энэ онд багтаан Талууд гарын үсэг зурахын төлөө байгаагаа илэрхийлэв. Хэлэлцээрийг байгуулснаар хоёр талын худалдаа төдийгүй дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг стратегийн чухал ач холбогдолтой салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжихөөс гадна хамтарсан аж ахуйн нэгж, үйлдвэр байгуулахад түлхэц үзүүлнэ гэдэгт Талууд санал нэгдлээ.
Халхын голын тулалдааны хамтын ялалтын 85 жилийн ойг 2024 онд хамтран тэмдэглэх нь 2 улсын иргэд хоорондын харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болно гэж үзэж байгаагаа төрийн тэргүүн нар илэрхийлэв.
Уулзалтаар мөн “УБТЗ” ХНН-ийн төв шугам, Дулааны III цахилгаан станцын шинэчлэл, зүүн ба баруун төмөр зам, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих зэрэг томоохон бүтээн байгуулалтын явцын талаар 2 улсын Ерөнхийлөгч ярилцлаа.
Эх сурвалж: president.mn