Хар тамхитай тэмцэх хэлтэст шинэ “ажилтнууд” ажиллаж эхэлнэ гэж Хятад улсын Цагдаагийн газар албан ёсоор зарласан тухай "Жэньминь жибао" сонин мэдээллээ. Чунцин хотын Нийгмийн аюулгүй байдлыг хамгаалах газрын нохой сургагч нар одоо мэрэгч амьтдыг сургуулилж байна. Евразийн (Sciurus vulgaris) 6 хэрмийн сургалт дуусч тэд мансууруулах үйлчилгээтэй бодисыг амжилттай олж илрүүлж сурчээ. Чунцины цагдаа Инь Цзинь “Мина олж илрүүлэхэд нохдыг сургасан хөтөлбөрийн дагуу бид мэрэгч амьтдыг сургаж байгаа. Манай хэрмүүд маш сайн үр дүн үзүүлсэн, удахгүй жинхэнэ ажиллагаанд оролцуулах болно. Хар тамхи зэрэг хэвийн бус зүйл үнэртсэн газрыг хэрмүүд хумсаараа маажиж тэмдэг үлдээж сурсан. Бид тэднийг том агуулах болон илгээмжээс наркотик илрүүлэхэд ашиглахаар төлөвлөж байна. Түүнээс гадна хэрэм бол хурдан шуурхай, үнэрлэх чадвараар нохойгоос бараг илүү, мөн жижиг биетэй учраас анзаарагдахгүй ажиллаж өчүүхэн зай завсраар ч шурган орж чаддаг” гэж ярилаа.