Нийслэлийн ИТХ-ын гуравдугаар тойрог буюу Баянзүрх дүүрэгт “Үндэсний эвсэл”-ээс нэр дэвшигч Сайхансамбуугийн Эрдэнэтуул сонгуулийн сурталчилгаагаа Улаанчулуут дахь хогийн цэгээс эхлүүллээ.
Тус эвсэлийг зүгээс зөв төлөвлөлттэй, цэгцтэй, цомхон, иргэн нь баян нийслэлийн төлөөх бодлогыг баримталж байгаа тул ийнхүү Улаанчулуутаас сурталчилгаа эхлүүлж, орчин үеийн хөгжиж буй нийслэл хогоо зөв ангилан ялгаж, дэвшилтэт технологи ашиглан баялаг бүтээх боломж байгааг онцоллоо.
Нийслэлд жилдээ 1,4-1,5 сая тонн бүх төрлийн хог хаягдал гардаг бол одоогоор дахин боловсруулж ашиглаж байгаа нь 4-хөн хувь. Харин өндөр хөгжилтэй орнууд гарч буй хогийнхоо 85 хүртэлх хувийг боловсруулалт хийж баялаг бүтээж байгаа тул тэдний туршлагыг ашиглан хогоо баялаг болгон хувиргах замаар ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийнхээ орлогыг өсгөх, байгаль дэлхийгээ аврах олон давуу тал байгааг нэр дэвшигч С.Эрдэнэтуул хэллээ.
Хогондоо дарагдсан хот биш, хогийг ашиглан олон давуу тал үүсгэж болохыг бодлого болгон гаргаж байгаагаараа олны анхаарлыг татаад байна.