Монгол Улсын нутаг дэвсгэрт цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, аюулгүй байдлыг хангах, хүн ам, нийгэм, байгаль орчныг ионжуулагчийн сөрөг нөлөөллөөс хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах хууль гэж бий. Нэр нь Цөмийн энергийн тухай. УИХ-ын дарга нь Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд нь С.Баяр байх үед буюу 2009 оны долдугаар сарын 16-ны өдөр парламентаас ёсчлон баталсан хууль. Үүнээс өмнө Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээ, Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээтэй холбогдсон баталгааг хэрэглэх тухай хэлэлцээр, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенц, Цөмийн ослын талаар шуурхай мэдээлэх тухай конвенц, Цөмийн террорист үйлдлийг хориглох тухай конвенц зэрэг олон улсын гэрээ, конвенцод Монгол Улс нэгдэн орж, түүгээр зохицуулалт хийж ирсэн түүхтэй. 1972-2009 оныг хүртэл гэсэн үг.
Улмаар 8 бүлэг, 51 зүйлтэй эл хуульд нийт 15 удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр 8 бүлэг, 38 зүйлийн хэсэг, заалтад өөрчлөлт оруулжээ. Сонирхолтой нь, 14 мега төслийг ирэх дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр хоршиж, хамтарсан энэ Засгийн газраас Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, УИХ-аар яаралтай горимоор хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн нь 2009 оноос хойших анхны томоохон улс төрийн шийдвэр болох нь. Гэдгийг одоо тайлбарлая.
15 жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар цөмийн энерги, цацраг идэвхт ашигт малтмалын харилцааг зохицуулдаг ч хөрөнгө оруулагчдад хамгийн халтай, хориг бүхий заалт бий нь 33.1 дэх хэсэг. Өөрөөр хэлбэл, “Монгол Улсын нутаг дэвсгэрт зэвсгийн зориулалттай цөмийн материалыг боловсруулах, үйлдвэрлэх, бусад аргаар олж авах, эзэмших, хадгалахыг хориглоно” хэмээх заалт.
Үндсэндээ ямар ч том хэлэлцээр, Хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн ч хуулийн энэ заалтыг өөрчлөхгүйгээр Монгол Улсад уран олборлож, боловсруулах, түүнээс цөмийн эрчим хүч гаргаж авах нь хаалттай бас хоригтой гэсэн үг. Монгол, Францын Ерөнхийлөгч нарын харилцан айлчлалаар гарын үсэг зурсан ураны төсөл өнөөг хүртэл хүлээлтийн байдалтай яваа шалтгаан нь ч ийм. Гагцхүү эрчим хүчний томоохон реформыг нэн тэргүүнд эхлүүлэхээ тунхагласан Л.Оюун-Эрдэнийн танхимаас Францын “Орано майнинг”, Монголын “Эрдэнэс Монгол” гэсэн компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээ шувтрах тийш яваа энэ цаг үед хуулийн хоригоо эргэж харахаар, бүр “цуцлах” шийдвэрийг ийнхүү гаргахаар болж байх шиг.
Монгол Улсын ураны нөөц 200 мянга орчим тн-ноор хэмжигддэг. Үүний 100 орчим мянга нь Францтай хамтран хэрэгжүүлэх Зөөвч-Овоо, Дулаан-Уул ордод бий. Ирээдүйд байж болох таамаг нөөц нь 1.5 сая гаруй гэдгийг энэ салбарын мэргэжилтнүүд онцолдог. Өөрөөр хэлбэл, хоёр улс хамгийн түвшиндөө төслийг явуулах бодлогын мөн зарчмын тохироог Засгийн газраас үргэлжүүлснээр Зүүн хойд Азид ашиглалтад орох хамгийн том ураны төслийг Монгол Улс Францын дэмжлэгтэйгээр Дорноговь хөдөлгөх нь. Төслийг хэрэгжүүлэх хугацаанд нийт дүнгээрээ 3.2 тэрбум ам.долларын татварын орлого төсөв төвлөрүүлэх урьдчилсан тооцоололтой.
Нэг үгээр Монголын эдийн засагт жин дардаг, дарж ирсэн Оюу Толгой, “Эрдэнэс Тавантолгой” тэргүүтэй стратегийн орд газрын тоо уран гэсэн агуулгаар баяжиж, Говийн бүсийг “Аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс” болгох УИХ-ын 64 дүгээр тогтоол бодитоор ажил хэрэг болох замыг ийн засах нь. Онцлоход УИХ-аар яаралтай горимоор хэлэлцүүлэх хуулийн төсөлтэй холбогдуулан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ. Мэдээж энэ бүгд нь ураны төслийг хэрэгжүүлэхтэй шууд хамааралтай гэдгийг энд тодотгох нь зүй.