Манай гарагийн бүтэц дунд сургуульд заадагаас өөр гэж Австралийн эрдэмтэд мэдэгдлээ. "Дэлхийн цөм дотор 1300 км диаметр бүхий улайсам, час халуун хатуу бөмбөлөг байгааг Австралийн эрдэмтдийн хийсэн нээлт баталж байна” хэмээн “Nature Communications” сэтгүүл бичжээ.
Манай дэлхийн диаметр 12750 километр билээ. Өнөөг хүртэл дэлхийг 4 давхарлагаас бүрддэг гэж үзэж ирсэн. Үүнд: хатуу царцас, зуунгиралдсан манти, гадаад шингэн цөм (магма), дотоод хатуу цөм (төмөр бөгөөд диаметр нь 2440 км). Гэтэл одоо Австралийн үндэсний их сургуулийн эрдэмтэд "Манай дэлхийд 5 дахь давхарлаг бий" гэж нотолж байна. Эрдэмтэд сүүлийн 10 жилд болсон 6 баллаас дээш магнитудтай 200 гаруй газар хөдлөлтийн үүсгэсэн сейсмо давалгаанд анализ хийсний эцэст ийм дүгнэлтэд хүрчээ. Дэлхийн дотоод цөмийн дотор нь төмөр ба никелийн хайлшаас бүрдсэн улайсам час халуун, хатуу бөмбөлөг оршдог аж. Түүний диаметр 1350 километр.
"Дэлхийн дотоод цөм ба сая шинээр нээсэн бөмбөлөгийн халуун Цельсийн 5500-6000 градус, ийм халуунд уг нь металлууд хайлах ёстой. Гэвч манай гарагийн төвд итгэмээргүй, асар өндөр даралттай, чухам ийм учраас төмөр-никелэн хайлш нь хатуу төлөв байдалд оршдог. Дотоод цөмийг би манай гарагийн доторх бас нэгэн гараг гэж үздэг. Үнэндээ энэ бол Дэлхийн ван гараг шиг буюу Сараас арай жижигхэн хатуу бөмбөлөг юм. Хэрэв бид ямар нэг байдлаар Дэлхийг задалж гадаад геосферийг салгаж авах юм бол дотоод цөм нь яг од шиг гэрэлтэж гялалзана. Яагаад гэвэл, түүний температур нь Нарны гадаргуу дээрх шиг өндөр" гэж Австралийн үндэсний их сургуулийн Дэлхийн тухай шинжлэх ухааны сургуулийн сейсмолог, математикийн геофизикийн хэлтэсийн удирдагч эрдэмтэн Хрвоже Ткальчич тайлбарласныг "Reuters" агентлаг дамжууллаа.
Эрдэмтэд дэлхийн цөмийн тухай шинэ нээлт хийжээ
2023-2-25
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.