Сангийн сайд Б.Жавхлан шинэчлэн боловсруулсан 2025 оны улсын төсвийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсантай холбогдуулдан, төсвийг дахин боловсруулах үүргийг Засгийн газарт өгсөн. Энэ дагуу үндсэн өөрчлөлтүүдээ хийлээ.
Энэ удаагийн төсөв өмнөхөөс 5.3 их наядын зөрүүтэй байгаа. 1.7 их наяд нь бүтээн байгуулалт. 3.5 нь урсгал зардлын өөрчлөлт юм. Ер нь аливаа урсгал зардлын цаана үйл ажиллагаа, хөтөлбөр, хууль байдаг. Гэнэт өсчихсөн зардал энэ дунд нэгээхэн ч байдаггүй.
Тухайлбал, ГБХНХ-ын сайдын салбарт 921.6 тэрбум төгрөг нэмэгдэж орж ирсэн. Үүнд тэтгэврийн нэмэгдэл багтсан. Хууль болон хүн амын өсөлттэй холбоотой. Жил бүр 40 мянган хүүхэд нэмэгдэж орж ирдэг.
Төрийн албан хаагчдын цалин 6 хувь нэмэгдэж байгаа. Энэ л гэхэд 438 тэрбум төгрөг байх жишээтэй. Дийлэнх нь боловсролын салбарт очно.
Ирэх жилүүдэд, хууль тогтоомж нь гарчихсан ч төсөвт багтахгүй байгаа 4.5 их наяд төгрөгийн зардал хүлээгдэж байна.
Бид 2 хувийн алдагдалтай байх хуультай. Энэ нь 1.9 их наяд гэсэн үг. Алдагдалгүй төсөв батлахын тулд орлого, бүтээн байгуулалтууд хасагдана. Нийлээд 2.3 их наяд төгрөгийн зардал хаслаа.
Орлого талд 394 тэрбум төгрөгөөр буурч байна. Гааль, НДШ, ХХОАТ зэргээс бүрдүүлэх орлогууд буурна гэсэн үг.
Зардал талд хөндөж болохгүй зардлууд байна. Хүүхдийн мөнгөн тэтгэмж хасаж болохгүй. ЭМДС ковидоос хойш дан алдагдалтай яваа. Хасах боломжгүй. НДС мөн тогтолцооны асуудлаас болж сүүлийн 30 жил алдагдалтай явдаг. Мөн цалингууд хөндөгдөхгүй. Гадаад зээлийн хүүгийн төлбөрийг хасахгүй, хасвал дефольт зарлана гэсэн үг. Энэ хөндөж болохгүй зардлууд нийлээд 10 их наяд төгрөг.
Ихэнх зардал өөрөө хуулийн заалттай. Нөгөө соёлын ваучер ч хуулийн заалттай. Тэгэхээр хууль өөрчлөхгүйгээр зардлыг нь хасаж болохгүй. Иймд хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулахаар хамт өргөн барьж байгаа.
Төрийн хэмнэлтийн тухай хуульд өөрчлөлт орж байгаа. Гадаад томилолтуудын зардлыг 50 хувь танана. Нэг удаа хойшилж болох зардлууд нийлээд 0.8 их наяд. За, ингээд үлдсэн зардлуудаас жигд тус бүр 10 хувийг танав.
Хөрөнгө оруулалтын хувьд,
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг 838.7 тэрбумаар
- Гадаад зээл ашиглалтыг 660 тэрбум төгрөгөөр хассан. Нийт таналт 1.49 их наяд.
Бид ямар зарчим барив. Шилжиж байгаа төслүүдийг танаж болохгүй. Бүгд төлөвлөгөөнд орчихсон, хүлээлт үүсчихсэн, ажил нь эхэлчихсэн байгаа. Санхүүжилтийг зогсоолоо гэхэд дараа дараагийн онд өндөр ачаалал авчирна. Арванхоёрдугаар сарын 2-ны байдлаар тасалбар болгов. Энэ хүртэл тендерээ шалгаруулж, ажлаа эхлээгүй бол хаслаа.
38 шинэ төслөөс 10 нь хойшилж байна.
Зарим ТЭЗҮ, их засварын санхүүжилтийг 62.1 тэрбум төгрөгөөр бууруулж, хойшлууллаа. Эрүүл мэнд, боловсролоос бусад салбар дахь тоног төхөөрөмжийн санхүүжилтийг 86.5 тэрбумаар бууруулав. Гэх мэтээр нийт 846.6 тэрбум төгрөгөөр танаж байна. Салбаруудад маань амаргүй тусаж байгаа.
Харин хөрөнгө оруулалт дээр хавдрын эмнэлгийн их засвар болон “Хавдрын эмнэлгийн барилга-2” дэд бүтцийг эхлүүлэхэд 7.9 тэрбум төгрөгийг шинээр тавьж байна. Энэ бол шинээр нэмэгдэж байгаа ганцхан төсөл.
38 шинэ төсөл байсны дийлэнх нь замынх байсан. Энэ удаа тэднээс есийг нь хасаж байна. Хассан есөн төслийн найм нь Зам тээврийн сайд, нэг нь Гадаад харилцааны сайдтай холбоотой.
Энэхүү төсвийг баталснаар инфляцын дарамт буурна. Төлбөрийн тэнцлийн сөрөг дарамтыг бууруулна. Мөнгөний бодлогын орон зай нэмэгдэнэ. Зээлжих зэрэглэл сайжирна гэсэн эерэг нөлөө гарна" гэлээ.