Энэ удаагийн намрын чуулганаар амжуулсан нэг том зүйл нь ураны төсөл байв. Оюу толгойн гэрээнээс хойш гуравдагч хөрштэй хийж буй хоёр дахь том гэрээ боллоо. Баялгийн сангийн тухай хууль амилах том жишиг. Л.Оюун-Эрдэнээс өмнөх Засгийн газрууд ийм ашигтай төслийг яагаад хөдөлгөж чаддаггүй байсан бэ, ураны төслийг хөдөлгөхгүй байх гудамжны жагсаал тэмцэл өнөө ч дарагддаггүйн цаана учир бий юу гэсэн асуултын хариуг хараахан ойлгож амжаагүй байна, монголчууд. Ямартай ч бид зэс нүүрснээсээ гадна шинэ орлого олдог уран гэдэг кранттай болж байгаа нь том амжилт. Төсөл хэрэгжсэнээр Монголын төдийгүй дэлхийн сүүлийн 20 жилийн ураны нөөцийг хангахаар томоохон хэмжээний орд гэгддэг Зөөвч Овоогоо монголчууд ашиглаж эхлэхээр боллоо.
Монгол Улс эдийн засгийн өгөөжтэй, томоохон төслийн ард гаралгүй олон жилийн нүүрийг үзлээ. Ерөөс гадны хөрөнгө оруулалт гэдэг “мангас” гэсэн популистуудын пропогондагаас болж Оюутолгойгоос хойш мега төсөл хэрэгжүүлээгүй удсан. Ийн ухуулж томоохон төслүүдийг гацааж, зогсооход хуруу хушуу нэмэрлэж байсан
Энэ удаагийн Францын “Орано Майнинг”-тай хийж буй ураны талбар дээр хамтран ажиллах гэрээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар холбогдох хуулийн төслүүдэд өөрчлөлт оруулах асуудал дээр олон талын санал шүүмж авсан ч хурдацтай эцэслэн батлагдаж чадсан. Гэрээнд тусгагдсан АМНАТ-ийн 5 хувийн таазыг өөрчлөх нь Монгол Улсад ашигтай гэдэг үндэслэлээр нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон бөгөөд Оюутолгой гэрээний алдааг давтахгүй гэж хэдэн талаас нь “мөлжсөн”нь энэ.
Өөрөөр хэлбэл Орано-тай байгуулсан гэрээтэйгээ уялдуулж Цөмийн энергийн хууль болон холбогдох хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулсан.
Ингэхдээ гэрээнд уран олборлохдоо ашиг малтмал ашигласаны суурь 5 хувь, тусгай 5 хувь, өсөн нэмэгдэх 5 хувь буюу 15 хувь дээрээ зах зээл дээрх ураны үнийн өсөлтөөс хамаарсан хувь нэмэгдвэл багадаа 19 хувь хүртэлх АМНАТ авна.
Одоогийн зах зээлийн ханшийн өсөлтөөр цаашид үнэ өснө гэдэг зарчмаар харвал, Орано 2028 оноос олборлолт хийж эхэлнэ гэвэл 15-16 хувийн АМНАТ манай улсад төлөх зураглал бий. Жилдээ ойролцоогоор 50 орчим сая ам.долларын татвар төлөөд явна гэсэн үг. Холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны ард УИХ-аар “Орано майнинг”-тай хийх гэрээг мөн оруулж ирж хэлэлцэнэ. Нэг талдаа Засгийн газрын мега төслүүдээ даруйхан явуулъя гэдэг давчуу шаардлага УИХ дээр хянагдаж, илүү нямбай болж буй нь одоогийн улс төрийн тогтолцооны нэг эерүү тал гэж харахаар. Нөгөө талдаа 126 гишүүнтэй болсноор популистуудын дуу хоолой сулдаж, жулдаж байгаа нь ч анзаарагдана.