Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2023.02.28/ Нэгдсэн Үндэстний байгууллагын /НҮБ/ Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Армида Алисжабанатай уулзаж, хуурай боомт байгуулах, томоохон төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллахаар тохирлоо.
Уулзалтын эхэнд сайд С.Бямбацогт “Монгол Улс нь АНДЭЗНК-оос санаачилсан Азийн авто замын сүлжээ, транс-азийн төмөр замын сүлжээ, хуурай боомтын хэлэлцээр зэрэг Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдэд нэгдэн орж, идэвх санаачилгатай ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яам нь бодлогын хүрээнд төмөр зам, авто зам, автотээвэр зэрэг тээвэр логистикийн бүхий л салбарын үйл ажиллагааг өргөжүүлэн тэлж байна. Өнгөрсөн жил Цагааннуур-Ховд-Ярант чиглэлийн АН-4 чиглэлийн тээврийн коридорыг нээж, тээвэрлэлтийг эхлүүллээ. Түүнчлэн үндэсний төмөр замын сүлжээ өргөжин тэлж, энэ жил баруун босоо Арцсуурь-Шивээхүрэн, зүүн босоо Эрээнцав-Бичигт чиглэлд төмөр замын төслийг эхлүүлэхээр болсон.
Тэгэхээр бид ачаа тээврийн тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, шуурхай нэвтрүүлэх, дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэхийн тулд хуурай боомт байгуулах шаардлага тулгарч байна. Эхний ээлжинд Хөшигийн хөндийн нисэх буудал, Замын-Үүд, баруун чиглэлд Ховд, зүүн чиглэлд Дорнод аймагт хуурай боомт байгуулахаар төлөвлөж байна.
Иймд Монгол Улсад байгуулах хуурай боомтын ТЭЗҮ-ийг боловсруулах, дэд бүтцийн холболт, үйл ажиллагааны цар хүрээг тодорхойлох, хуваарилах, хөрөнгө оруулалт, тээвэр логистикийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах үүднээс дараах техникийн туслалцааны төслүүдийг хамтран хэрэгжүүлэхийг та бүхнээс хүсье” хэмээн байр сууриа илэрхийллээ.НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Армида Алисжабанагийн зүгээс Монгол Улс тээвэр, логистикийн хөгжилдөө ихээхэн анхаарч томоохон бүтээн байгуулалтуудыг хэрэгжүүлж байгаад ихээхэн сайшаалтай байгаагаа илэрхийлж, хуурай боомт байгуулах, төмөр замын төслүүдэд техникийн болон шаардлагатай бүх талаар дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ.