“Нүүрсний хулгай" гэх ард түмний боломжийг хулгайлсан үйлдлүүдтэй нэр холбогдсон "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нэр бүхий цөөнгүй албан тушаалтнууд үндэслэлгүй ажлаас халагдсан хэмээн шүүхдэлцэж, буцаж ажилдаа орохоор улайран зүтгэж буй бололтой. Гэтэл нүүрсний хулгайн асуудал нь шийдэгдээгүй, Прокурорын байгууллагаас нүүрсний олборлолт, экспорт тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой 49 үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шалгалтын явцад гэмт хэрэг үйлдэх нөхцөл байдал тогтоогдсон 17-н хэрэгт нь эрүүгийн хэрэг үүсгэн, 87 хүнийг яллагдагчаар татсан, хэрэг бүртгэлтийн 33 хэрэг шалгаж байгаа. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан 17 хэрэгт улстөрд нөлөө бүхий 9, нийтийн албан тушаалтан 49, хувиараа нүүрс тээвэрлэгч 8, хувийн компанийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан 36, гадаад улсын 3 иргэн байгаа. Тэднээс 7 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. НПГ-аас энэ хугацаанд нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой 36 хүнд холбогдох 6 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Мөн прокурорт мөрдөх байгууллагаас шүүхэд шилжүүлэх саналтай ирүүлсэн 24 хүнд холбогдох нэг хэргийг хянаж байна гэх зэргээр асуудал намжаагүй байхад ажлаас халагдсан нөхдүүд эргэж ажилдаа орно хэмээн матрын нулимс унагаж, ЭТТ ХК-иас их хэмжээний мөнгөн тэтгэмж нэхсэн шиг сууна. Яг нарийндаа ярьвал Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой гол хэрэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнууд холбоотойг хууль хяналтын байгууллагууд илрүүлж тогтоочихсон, мөрдөн шалгах ажиллагаа арай дуусаагүй байгаа.
Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Засгийн газраас томилогдсон бүрэн эрхт төлөөлөгч, өөрийн эрх мэдэл, хууль журмын хүрээнд өмнөх удирдлагын багт ажиллаж байсан, хууль бус үйлдэлд холбогдсон байж болзошгүй гэж үзсэн цөөнгүй хүнийг ажлаас чөлөөлсөн нь ийнхүү "дайран дээр давс" гэгчээр өнөө хэдийг бүр оодруулаад орхив бололтой. Угтаа бол хууль бус үйлдэлд холбогдсон байж болзошгүй хүмүүс нь АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсгийнхнээр шалгуулж, тогтоолгон, өөрсдийн нэрийг цэвэрлэхийн оронд “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас их хэмжээний мөнгө нэхэмжлэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаад байгаа аж. “Эрдэнэс тавантолгой”-оос нэхэмжилж буй мөнгө нь мэдээж ард түмэнд түгээх ногдол ашиг, татвар төлөгч иргэдийн халааснаас олгоно гэсэн үг.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д өнгөрсөн оны 10 дугаар сарын 26-нд Онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилсон билээ. Төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа өнөөгийн нөхцөлд гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх шаардлагын үүднээс ийм арга хэмжээ авснаа тухайн үед Засгийн газраас танилцуулж байсан.
Уг тогтоолыг батлахдаа Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8.5 д “ Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ” гэсэн заалт, 1991 онд баталсан БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн нэг дэх хэсгийн “ Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль, тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэлх хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харьяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг БНМАУ-ын Засгийн газарт олгосугай”, хоёрт заасан “ Онцгой дэглэмээр ажиллах үйлдвэрийн газар, байгууллагын үйл ажиллагааны талаар Засгийн газраас тогтоох эрх зүйн онцгой журам нь БНМАУ-ын хууль тогтоомжийн ардчилсан зарчим, БНМАУ-ын олон улсын гэрээний үндэслэл, иргэдийн нийтлэг эрх ашиг сонирхолд нийцсэн байхын зэрэгцээ дор дурьдсан асуудлын хүрээнд байвал зохино” гэснийг үндэслэн 385 дугаар тогтоол баталсан байдаг. БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн хоёр дахь хэсэгт “Үйлдвэрийн газар, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатных нь удирдах ажилтныг томилох, үндсэн ба эргэлтийн хөрөнгө, түүний доторх түүхий эд материалын нийлүүлэлт, зарцуулалт, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хадгалалт, хуваарилалт, тээвэрлэлт, борлуулалтад нь тусгай хяналт тогтоох, тухайн үйлдвэрийн газар, байгууллагад хөдөлмөрийн сахилгыг чанд сахин биелүүлэхэд хөдөлмөрийн сахилгын тусгайлсан дүрэм үйлдвэрлэлийн аюул осолгүй ажиллагааны болон олон нийтийн хэв журам сахиулах тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигчдад харьяалал харгалзахгүйгээр зохих хариуцлага хүлээлгэх, онцгой дэглэмтэй үйлдвэрийн газар, байгууллагаас бусадтай байгуулсан гэрээний болзлыг зайлшгүй шаардлагатай тохиолдолд захиалагч /бэлтгэн нийлүүлэгч/-ийн хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүйгээр өөрчлөх буюу гэрээг цуцлуулах” гээд олон арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр заажээ.
Тэгвэл Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны 385 дугаар тогтоолын 3.1-т “компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж чөлөөлөхийг Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчид даалгасан байдаг. 3.3-т Тавантолгойн ордоос нүүрс ачих, тээвэрлэх, борлуулах, хил нэвтрүүлэх бүхий л үе шатанд хяналтыг сайжруулах шаардлагатай арга хэмжээг тухай бүрт нь авч хэрэгжүүлэхийг ч үүрэг болгосон аж.
Мэдээж Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч хууль журмын хүрээнд л “но”-той байж болзошгүй хүмүүсийг чөлөөлсөн биз. Түүнээс бус өнөө цагт хэн нэгнийг хууль, эрхзүйн үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлнө гэдэг юу л бол. Ажлын ямар нэгэн хариуцлага алдсан эсвэл хэрэгт шалгуулж байгаа өмнөх удирдлагынхаа үйлдлийг хаацайлсан, магадгүй албан тушаалаа ашиглаж хэн нэгэнд давуу байдал олгосон байж болзошгүй гэж үзсэн хүмүүсийг л дээр дурьдсан хуулийн хүрээнд чөлөөлсөн болов уу.
Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас үндэслэлгүй халагдсан, ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөр, үр дүнгийн урамшуулал гэх зэргээр мөнгө хандаад байгаа хүмүүсийн нэхэмжлэлийг шүүх хангах үндэслэл бий юу?
1991 онд баталсан, өдгөө ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн “Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож....” гэсэн байгаа. Тэгэхээр эл хуулиас хойш 30 жилийн дараа баталсан, өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг мөрдөхгүй байж болохоор тусгасан нь харагдана. Нөгөө талаар Бүрэн эрхт төлөөлөгч хуулиар олгосон эрх мэдлийнхээ хүрээнд хууль зөрчсөн байж болзошгүй гэж үзсэн хүмүүсийг ажлаас нь чөлөөлсөн. Тэднээс эл компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн дараа Монголын Оюутны холбооны ерөнхийлөгчөөр ажилласан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Х.Батсайхан, тус компанийн Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга асан З.Амгаланбаатар зэрэг албан тушаалтан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаад буй. Тэд 2002 оны нэгдүгээр сарын 10-нд баталсан “Иргэний хуулийн 5,2-т заасан “Шинээр баталсан хууль тогтоомж нь гэрээний нэг буюу хоёр талын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар бол гэрээний нөхцөл хүчин төгөлдөр байна” гэснийг үндэслэл болгон шүүхэд нэхэмжлэл гаргасан юм билээ.
Нөгөө талаар нийгмийн зарим хэсэг БНМАУ биш Монгол Улс болсон учраас БНМАУ-ын үед баталсан хууль тогтоомж дагаад хүчингүй болох ёстой гэдэг үүднээс ҮХЦ-д мэдээлэл гаргасан ч амжилт олоогүй байдаг. Тодруулбал 1992 оны 1 дүгээр сарын 13-нд баталсан Үндсэн хуулиас ч өмнө БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг Улсын Бага хурлаар баталсан учраас ҮХЦ уг хуулийг хэлэлцэн шийдвэрлэх ёсгүй гэж үзэн мэдээлэл гаргагчдын хүсэлтийг хүлээн аваагүй.
БНМАУ нэрээ өөрчилж Монгол улс болгож, ардчилсан тогтолцоог сонгосноос биш манай улс үндсээрээ өөрчлөгдөөгүй учраас зарим хууль залгамжаа хадгалан үйлчилж буй. Тийм хуулиудын нэг болох хүчин төгөлдөр үйлчилж байгаа БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг баримтлан “Эрдэнэс Тавантолгой” ХК-д томилогдсон бүрэн эрхт төлөөлөгчид эрх олгосон. Бүрэн эрхт төлөөлөгч хуульд заасны дагуу “ үйлдвэрийн газар, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатных нь удирдах ажилтныг томилох, үндсэн ба эргэлтийн хөрөнгө, түүний дотор түүхий эд, материалын нийлүүлэлт, зарцуулалт, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хадгалалт, хуваарилалт, тээвэрлэлт, борлуулалтад нь тусгай хяналт тогтоох” хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд бүх шатных нь удирдах ажилтныг томилж, чөлөөлжээ.
БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг 1991 оны 1 дүгээр сарын 04-нд батлахын өмнөхөн тухайн үеийн Улсын бага хурлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн байдаг. Энэ хэлэлцүүлгийн үеэр Улсын Бага хурлын гишүүн М.Энхсайхан /Ерөнхий сайд асан/ тухайн үед “ Эдийн засгийн салбар, эдийн засгийн бодлого дээр энэ байдлыг их, бага хэмжээгээр хязгаарлаж байхгүй бол болохгүй. Бид яг тэр хэмжээгээр хязгаарлалтын дэглэм тогтоох эрхийг Засгийн газарт олгосноор ангал руу явж байгаа замаас гарах юм” гэжээ. Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавяат хуульч Б.Чимэд гуай уг хуулийг батлах үеэр “ БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1-10 дугаар дэд зүйл бол Засгийн газраас тогтоож болох журмынх нь хүрээ буюу предмет, зүйлс юм. Өөрөөр хэлбэл, сонгуулийн журмыг битгий хэрэглэ, томилох журмыг хэрэглэхдээ яаж томилох вэ гэдэг асуудлаа Засгийн газар өөрөө тогтоо гэж байгаа юм. Зохих хариуцлагыг ч Засгийн газар өөрөө тогтоо гээд байгаа юм л даа. Жишээлбэл үнийн дүнгийн 0,3 хувиар торгоно гэсэн хууль ерөнхийдөө байгаа юм. Тэрнээс өндөр хувиар тогтоох эрхийг л Засгийн газарт энэ хуулиар олгож байгаа хэрэг шүү дээ. Өөрөөр хэлбэл бид нэлээн хатуухан дэглэмд оруулах тухай яриад байна. Үйлдвэр байгууллагад хуулиудыг хэрэглэхгүйгээр Засгийн газар өөрөө тогтооно. Тийм учраас нэлээн хязгаартай хэрэглэх нь зүй. Хязгаарыг энэ хуулийн 1 дүгээр зүйлийн эхний хоёр мөрөөр тогтоох саналтай байгаа юм. Тодруулбал улсын эдийн засгийн амьдралд их ач холбогдолтой байх, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцлийг хангаж байх ёстой. Түүнээс биш дуртай үйлдвэрийн газарт тогтоож чадахгүй. Хуулийн ерөнхий зарчим , үзэл санаанд нийцээд олон улсын гэрээ, нийт хөдөлмөрчдийн үндсэн ашиг сонирхлыг хөндөхгүйгээр чухал үйлдвэрийн газруудад Засгийн газар өөрөө 6 сарын хугацаагаар хууль гаргаад өөрийнхөө харьяаллыг харгалзахгүй, улсынх, хоршооллынх, хувийнх, хувь нийлүүлсэн хийгээд гадаадын хөрөнгө оруулсан аль ч ялгаагүй тэр байтугай Монгол нутаг дээр байгаа гадаадын үйлдвэрийн газарт хүртэл Засгийн газар дэглэм тогтоогоод хяналт тавьж ажиллах гэсэн хатуу заалт байгаа юм.
Жишээлбэл сахилгын тусгай дүрэм гаргаж ажилла гэж байгаа нь Хөдөлмөрийн хуульд заасан сахилга батын арга хэмжээнээс өөр, гэхдээ хүний эрхэд тохирохгүй, олон улсын гэрээнд нийцэхгүйгээс өөр арга хэмжээ тогтоо гэж хэлж болж байгаа юм. Засгийн газраас тодорхой үйлдвэрийн газарт онцгой дэглэм тогтоохдоо тогтоож буй дэглэмийнхээ эрхзүйн актыг боловсруулж гаргахад хуулийн байгууллага, прокурор, дээд шүүх, Улмсын бага хурлын зохих байнгын хороотой зөвлөлдөж, болж өгвөл нээлттэй хурлаар хэлэлцэж байвал зүгээр юм” хэмээн өгүүлжээ.
БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг батлах үеийн Улсын бага хурлын гишүүдийн үзэл санаа эл хуулийн концевц өмнө нь шүүхээр шийдвэрлэгдэж байсан хэрэглээний практик зэргээс үзэхэд Засгийн газраас томилсон бүрэн эрхт төлөөлөгч аливаа төрийн өмчит аж ахуйн нэгжийн албан тушаалтнуудыг томилж, чөлөөлөхдөө эрх хэмжээний хүрээндээ л шийдвэр гаргадаг аж.