Өнөөдөр Нүүрсний хулгай" гэх тодотголтой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар Авлигатай тэмцэх газраас мэдээлэл хийлээ.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг:
-Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах Тавантолгойн бүлэг орд газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК, орон нутгийн “Тавантолгой” ХК нар нүүрс тээвэрлэх, олборлох, борлуулах, улсын хилээр нэвтрүүлэх, төмөр замын бүтээн байгуулалт, барилгын ажил гүйцэтгэх, тендер сонгон шалгаруулах ажиллагаанд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдад давуу байдал бий болгож, хахууль авсан, мөнгө угаасан хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагааг ажлын хэсгээс явуулж байна. Одоогийн байдлаар ажлын хэсэгт хэрэг бүртгэлийн 25, мөрдөн байцаалтын 17 нийт 42 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Энэ хугацаанд хил хамгаалах байгууллага, Гааль, АТҮТ-ийн албан тушаалтнууд нь хууль бусаар гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлсэн. Үүний хариуд хахууль авч, ачаа тээврийн C зөвшөөрөл олгохдоо хахууль авсан нийт 42 яллагдагчид холбогдох гурван хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлсэн.
Өнгөрсөн хугацаанд нийт 85 иргэнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан бөгөөд үүний 48 нь нийтийн албан тушаалтан байна.
Үүнд:
УИХ-ын гишүүн зургаа,
ЗТХ-ийн сайд асан нэг,
Төрийн нарийн бичгийн дарга асан нэг,
Аймаг сумын засаг дарга асан дөрөв,
ИТХ-ын дарга нэг, УИХ-ын зөвлөх нэг,
Гаалийн улсын байцаагч 12,
Хил хамгаалах байгууллагын дөрөв,
АТҮТ ТӨҮГ-ын дөрвөн албан тушаалтан,
Өмнөговь аймгийн газрын даамал хоёр,
Боомтын захиргааны мэргэжилтэн хоёр,
"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн эрх бүхий албан тушаалтан долоо,
"Тавантолгой төмөр зам" ХК-ийн гурав,
Нэр бүхий хулийн этгээдийн албан тушаалтан 15, хуулийн этгээд 22 тус тус яллагдагчаар татан шалгасан.
Өнөөдрийн байдлаар найман яллагдагч цагдан хоригдож байгаа. Улсын хилээр гарахыг хязгаарласан 41 яллагдагч байна гэв Мөн энэ үеэр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн нүүрсний гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар мэдээлэл өглөө.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн:
-Нэр бүхий УИХ-ын гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байгаа. Зарим гишүүдийн бүрэн эрхийн асуудлыг хөндөх нөхцөл байдал үүсэж байна.
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын халдашгүй байдал, бүрэн эрх мөрдөн шалгах ажиллагаа явуулахад саад учруулж байна гэж үзэж, эдгээр гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УЕП-т хүргүүлж байна.
Ж.Мөнхбат гишүүний хувьд эрүү үүсгэж, яллагдагчаар татагдсан. 2022 оны хөрөнгө, орлогын мэдүүлгээ өгөөгүй. УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ өөрөө гаргасан байгаа учраас бүрэн эрхийг түдгэлүүлэх асуудлыг оруулаагүй, УИХ-аар өөрийнх нь гаргасан хүсэлтээр шийдэгдэх байх гэж харж байгаа" гэв.