ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын гишүүд, бүх шатны засаг дарга, яамдын төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, ЗДТГ-ын дарга, төсвийн байгууллагын дарга, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани,улсын үйлдвэрийн газрын дарга нарт чиглэл хүргүүллээ. Тодруулбал Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “Таван Ш” ажиллагаа хэрэгжүүлж буй. Үүнээс Авлигатай тэмцэх "Шүүр" ажиллагааны хүрээнд " нийтийн албанд танилын хүрээ, зүй бус нөлөөллөөр хуульд заасан шаардлага хангаагүй этгээд томилогдохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх", " ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, нийтийн албанд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх", "авлига, албан тушаалын гэмт хэргийн хариуцлага гарцаагүй байх" зарчмыг хангах үүднээс авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдийг нийтийн албанаас шүүрдэн цэвэрлэх, төрийн алба, төрийн өмчийг "шимэгчид"-ээс салгах ажлыг эхлүүлж байгаагаа энэхүү чиглэлээрээ ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдэв. Мөн төрийн бүх шатны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газар бүр "Шүүр" ажиллагааны хэрэгжилтийг хангаж, хууль тогтоомж зөрчиж томилогдсон этгээдийг олж тогтоон 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөр тасалбар болгон хуульд заасан журмын дагуу ажлаас чөлөөлөхийг үүрэг чиглэл болгосон бөгөөд нэр дурьдсан үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг мэдэгдсэн байна. Дашрамд сануулахад өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар “Шүүр ажиллагаа”-ны хэрэгжилтийг хариуцан зохион байгуулж ажиллахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд, даалгасан.
Авлигатай тэмцэх “Таван Ш ажиллагаа”-ны хэрэгжилтийг хариуцан зохион байгуулж ажиллах Ажлын хэсгүүд ажлаа эрчимжүүлж, Засгийн газрын хуралдаанд сар бүр танилцуулж байхыг Ерөнхий сайд үүрэг болгосон билээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан чиглэл хүргүүллээ
2023-3-17
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.