Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит өглөөний уулзалтаа МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, эрдэмтэн багш нартай хийж байна.
Засгийн газрын бодлого ба хуульч эрдэмтдийн оролцоо, хууль зүйн салбарт хийгдэж буй ажлуудын талаар ярилцах юм. Энэ хүрээнд "Алсын хараа-2050", "Шинэ сэргэлтийн бодлого", авлигатай тэмцэх "5Ш" ажиллагаа зэрэг хөтөлбөр, арга хэмжээний талаар ярилцаж, хуульч, багш нарын саналыг сонслоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг танилцуулан, төрийн бодлогод хуульч, судлаачдын саналыг сонсож байгаад багш нар талархлаа илэрхийллээ.
Тэд судалгааны ажилд зориулсан төсвийг нэмэгдүүлэх, сургуулийн төсөв, төлбөрийн менежментийг шинэчлэх, судалгааны их сургуулийг хөгжүүлэх, Хууль зүйн сургуулийн байрны асуудал, эрүүгийн эрх зүйн салбарын хөгжил, суурь судалгаанд анхаарах, ШӨХТГ газрын ажлыг эрчимжүүлэх замаар өргөн хэрэглээний барааны үнийг тогтворжуулах, Сүм, хийдийн харилцааны тухай хуулийг цэгцлэх шаардлагатай зэрэг санал дэвшүүлээд, авлига, албан тушаалын гэмт хэргийг таслан зогсоох, далд эдийн засгийг ил тод болгох, шударга ёсны төлөөх тэмцлийг нь бүх талаар дэмжинэ гэв. МУИС-ийн ХЗС-ийн профессор, багш нартай хийж буй уулзалт ярилцлага, хэлэлцүүлгээр үргэлжилж байна.