Эрдэнэс тавантолгой ХК өнгөрсөн хугацаанд хил нөхцлөөр коксжих нүүрсээ худалдсан бол 4.2 тэрбум ам долларын олох боломжтой байжээ гэдгийг Засгийн газраас томилогдсон БЭТ-ийн үйл ажиллагаа харуулаад амжлаа. Үндсэндээ дөрвөн тэрбум ам.долларын экспортын боломж алдсан ч гадаад худалдаа өмнөх онтой харьцуулахад өсөлттэй байгаа нь бас БЭТ-ийн үйл ажиллагаатай салшгүй холбоотой юм.
Тодруулбал ЭТТ ХК-д 2022 оны 10 дугаар сарын 26-д онцгой дэглэм тогтоож Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилсон.
Онцгой дэглэм тогтоосноос хойш 2022 оны эцсийн мэдээгээр “ 588.5 сая ам.долларын борлуулалт хийж, улсын төсөвт төвлөрүүлэх татвар, хураамжийг 1.5 дахин буюу 410 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлж, төлбөрийн тэнцлийг сайжруулж, гадаад валютын орох урсгалыг 416.6 сая доллараар нэмсэн байна. Эдгээр үр дүнд хүрэхийн тулд өдөрт 200 машин нүүрс ачдаг байсныг 800 болгон нэмжээ.
Мөн Хил нөхцөлөөр биржээр худалдаалж эхэлснээр:
- “ЭТТ” ХК 2023 оныг хүртэл нүүрсээ амны үнээр худалдсаар ирсэн юм. Амны үнэ гэдэг нь компани нүүрсээ олборлоод уурхайн амнаас худалдаалдаг. Худалдан авагч тал авсан нүүрсээ уурхайн амнаас шууд ачуулдаг буюу тухайн худалдан авагч тээврээ өөрсдөө хариуцдаг, хэний машинаар ачуулахаа өөрсдөө шийддэг байв. Ингэснээр тээврийн ашиг худалдан авагч талын карманд үлддэг байсан.
- “ЭТТ” ХК-ийн сайн чанарын буюу коксжих нүүрсийг БНХАУ-ын Бугат хот дахь гангийн үйлдвэрүүд болон бусад хувь хүмүүс авдаг. Тэд 2023 оны нэгдүгээр сар хүртэл тээврээ бүрэн хариуцдаг байсан. Үүнийг өөрчилж 2023 оны хоёрдугаар сараас Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан сонгон шалгаруулалтад шалгарсан компаниуд тээврийг гүйцэтгэж байна. Монгол Улс цаашид ам нөхцөлийг халж, зөвхөн хил үнээр коксжих болон эрчим хүчний нүүрсээ борлуулахаар эрмэлзэж байна.
- Монголын хөрөнгийн биржтэй хамтран нүүрсээ цахимаар худалдаж эхлээд буй. Эхний эхний арилжаа 2023 оны 2-р сарын 09-ний өдөр амжилттай эхэлж хамгийн сүүлд өнгөрөгч 7 хоногийн баасан гарагт буюу 3 дугаар сарын 17-ны өдөр өдөр бол БНХАУ-ын 3 компани оролцож 1 тонн нүүрсийг 178.6-аас ам.доллароос дуудаж 182.1 ам.доллараар худалдаалжээ
Биржээр худалдаа хийснээр:
• Үнэ өсөж, борлуулалт нэмэгдсэн.
• Тээврийн зардлыг зохистой түвшинд байлгасан.
• Төмөр зам, боомтын бүтээн байгуулалттай уялдана.
• Валютын нөөц өснө.
• Төсөвт төлөх татвар нэмэгдэх зэрэг давуу талтай
• Нөгөө талдаа нүүрстэй холбогдох авлига албан тушаалын хэрэг, хардлага сэрдлэгэ ор мөргүй алга болж бүх мэдээлэл шилэн болж олон нийтэд ил тод, нээлттэй болох юм. Үүний эхлэлийг ЭТТ ХК амжилттай тавьж одоогоор 4 удаагийн цахим арилжаааг амжилттай зохион байгуулаад байна. Ийм учраас алдагдсан байж болох боломж буюу “ЭТТ” ХК өнгөрсөн хугацаанд зөвхөн коксжих нүүрсээ хил нөхцөлөөр худалдсан бол 4.2 тэрбум ам.долларын нэмэлт орлого олох боломжтой байжээ. 2011 оноос өнөөг хүртэл “ЭТТ” нийт 4.9 тэрбум ам.долларын орлого олсон байна. Хил үнээр худалдсан бол 9.1 тэрбум ам.долларын орлого олох байв.Үүний зөрүү 4.2 тэрбум ам.доллар. Энэ мөнгө нүүрс худалдан авагч тал буюу урд хөршид үлддэг байсан бол одоо монголын талд үлдэх боллоо. Сайхан мэдээ шүү.