Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ долоо хоног бүрийн даваа гарагт хийдэг ээлжит өглөөний уулзалтаа Монголд үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагын ажилтнуудтай уулзсан юм. Уулзалтын үеэр "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлэхэд Засгийн газрын гадаад зээл, тусламжаар хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэгжилт, Олон улсын байгууллагуудын үйл ажиллагааг хэрхэн уялдуулах сэдвээр оролцогчид санал солилцсон. Мөн энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Засгийн газрын гадаад зээл, тусламжийн төслүүдийн хэрэгжилт, Шинэ сэргэлтийн бодлогын уялдаа” сэдвээр илтгэл танилцууллаа. Уулзалтад оролцсон НҮБ-ын төлөөлөл: Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлогодоо анхаарч байгаа нь төсөл тогтвортой хэрэгжих нөхцөл бүрдлээ гэж харж байна. Засгийн газар сүүлийн үед орон нутгийн хөгжилд анхаарч байгаад баяртай байна. Гол нь хүн орон нутагт сонголтоороо очиж амьдрах нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй гэдэг саналыг хэлж байлаа. Харин Азийн хөгжлийн банкны төлөөлөл: Төсөл боловсруулах хугацаа их байна. Үүнийг багасгах шаардлагатай. Монголд төсөл хэрэгжүүлэхэд бэлэн байдлыг хангах тал дээр анхаарах шаардлагатай хэрэгтэй. Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахад бэлэн гэдгээ энэ үеэр илэрхийлсэн байна. Дэлхийн зөн Монгол ОУБ-ын төлөөлөл: Хөгжлийн бодлого урт хугацаанд хэрэгжих нь чухал байна. Яамд хоорондын хамтын ажиллагааг сайжруулахад анхаарах шаардлагатай гэсэн бол НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагчийн газрын ажилтан Ж.Должинсүрэн: Засгийн газар сүүлийн үед орон нутгийн хөгжилд анхаарч байгаа нь маш зөв. Орон нутагт хүн сонголтоороо очиж амьдрах орчныг бүрдүүлэх хэрэгтэй гэв. Дэлхийн зөн олон улсын байгууллагын Үндэсний захирал Б.Болорцэцэг: Хувийн хэвшил иргэний нийгмийн байгууллагатай хамтран нийгмийн сайн сайхны төлөө төсөл хэрэгжүүлбэл татварын бодлогоор дэмжих нь чухал гэдгийг чухалчиллаа. Азийн хөгжлийн банкны төлөөлөл: Цаашдаа Засгийн газартай төр хувийн хэвшлийн түншлэлийн жишиг төслийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад хамтарч ажиллах өргөн боломж харагдаж байна гэдэг байр суурийг илэрхийлсэн. Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бодлогын цөм нь хүний хөгжлийн бодлого байна гэдгийг онцлон тэмдэглэсэн юм. Ямартай ч Засгийн газрын явуулж буй бодлого үйл ажиллагааг олон улсын байгууллагынхан өндрөөр үнэлсэн байна.