Манай улсын нүүрсний гол хэрэглэгч БНХАУ 2023 оныг дуустал нүүрсний импортын татварыг тэглэхээр болсон талаарх шийдвэрийг www.sxcoal.com сайт нийтэлжээ. Тодруулбал Хятадын төрийн зөвлөлийн Импортын татварын комисс нүүрсний нийлүүлэлтийн найдвартай байдлыг хангахын тулд 2023 оны 4 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний өдрүүдэд нүүрсний импортын татварыг тэглэнэ гэж мэдэгджээ. Хятад улс ирэх сараас төрөл бүрийн нүүрсний бүтээгдэхүүнд ногдуулах 3-6 хувийн импортын татварыг сэргээх төлөвлөгөөгөө цуцалсан гэсэн үг. Тиймээс нүүрсний хэрэгцээ улам л нэмэгдэж байгаа энэ цаг үе боломжийг ашиглаж илүү их нүүрс илүү өндөр үнээр зарж, экспортоо чадах чинээгээрээ нэмэгдүүлж орлогоо өсгөх боломж гарч байна. Харин үүнийг тултал ашиглаж валютынхаа нөөцөө нэмэгдүүлж улс орны эдийн засгаа өндийлгөх боломжтой болох зурвасхан үе бидэнд тохиогоод байна. Ямартай ч Хятад улс нүүрсний татвараа тэглэснээр Монгол Улс төдийгүй ОХУ-д ашигтай тусч байна.
Хэдийгэээр Хятад улс хүлэмжийн хийг бууруулах үүргийг хүлээж, нүүрсний хэрэглээгээ танах бодлого баримталж байгаа хэдий ч Монголын нүүрсийг багагүй хэмжээгээр импортлох сонирхолтой байгаа нь бидний хувьд том боломж бөгөөд үүнийг ашиглахад шинэ төмөр замууд зайлшгүй чухал. Өмнө нь, 10-аад жилийн өмнө Хятадын тал “20 жилийн хугацаанд 1 тэрбум тонн нүүрс худалдан авахад бэлэн” гэдгээ мэдэгдэж байсан боловч төмөр замгүйгээс болоод нүүрсний экспорт дорвитой нэмэгдээгүй байдаг. Гэхдээ Манай Улс боомтын сэргэлтийн бодлогоо бүрэн хэрэгжүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалсан бизнесийн орчноо сайжруулан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын зарлаад буй нүүрсний хулгайтай хийх тэмцэлдээ ялбал зөвхөн нүүрсээр дамжуулан ирэх жилд үлэмж хэмжээний валют олж болох боломж нээгдээд байна. Мэдээж Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд яригдсан жилд Хятад руу 40-70 сая.тн нүүрс экспортлох урьдчилсан тохироо бол энэ удаад төрийн айлчлал бүрийн хүрээнд яригддаг хуурай яриа, манай талын гуйлт төдий биш бөгөөд Хятадын хойд, баруун мужуудад Монголын нүүрс зайлшгүй хэрэгцээтэй хөгжлийн түүхий эд болоод байна.
Монголчууд бид өвөр хоорондоо бүлэглэн тэмцэлдэж байх хооронд Хятадын шинээр хөгжиж буй манай хил дагуух мужууд руу нүүрс экспортлох 10-хан жилийн боломжоо бусдад алдахгүй байхсан. ХКН-ын 20-р их хурлын бас нэг том шийдвэр 2035-2050 оны хооронд Хятад түүхий нүүрс шатааж эрчим хүч гаргахаас шат дараатай татгалзах гэдгийг санаж явууштай...