Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уул уурхайн бус экспортын салбарынхантай ээлжит “Өглөөний уулзалт”-аа хийлээ.
Улс оронд хамгийн олон ажлын байр бий болгодог тус салбарынханд эдийн засгийн нөхцөл байдал, бизнесийн орчныг дэмжих Засгийн газрын бодлогыг танилцуулж, ярилцлаа.
Манай улсын 704 аж ахуйн нэгж дэлхийн 55 улсад 234 нэр төрлийн уул уурхайн бус бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргасан байна.
Монгол Улсын нийт экспортын 93 хувийг уул уурхай, үлдсэн нь бусад төрлийн экспорт эзэлж байна. Уулзалтын үеэр дараах санал асуулгууд гарсан юм. Тухайлбал АПУ ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг: Экпортонд бид бэлэн биш байна. Брэнд хөгжүүлэлтийг бодлогоор дэмжээд өгье. Олон улсын чиглэсэн томоохон үзэсгэлэнд брэнд хөгжүүлэгчдийг дэмжиж оролцуулах хэрэгтэй байна. Мөн реэкспортыг татвараар дэмжих шаардлагатай. Шингэн хүнсний экспортын хувьд ОХУ, Япон зэрэг том зах зээл байна. Бид дэлхийтэй өрсөлдөж байгаа учир гаалийн татварын дэмжлэг мөн хэрэгтэй байна гэв. Харин Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг хэлэхдээ Монголын ноолуурын экспорт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Дэлхийн том брэндүүд өмнө нь БНХАУ-аас ноолуур авдаг байсан бол ковидтой холбоотойгоор Монголоос авч эхлээд байна. Хамгийн сүүлд гэхэд Италийн 2 том брэнд Монголын ноолуурын салбарт хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлээд байна. Энэ эрэлт, сонирхлыг хангахад тогтвортой бодлого, зээлийн хүртээмж, хугацааг нэмэх зэрэг дэмжлэг хэрэгтэй байгааг онцлов.
Мөн "Астра рүүт" ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Энхбат: Эмийн ургамлын экспортыг манай улс хөгжүүлэх бүрэн боломжтой байна. Энэ салбарт маш том боломж байна. Ковидоос хойш эрэлт маш их нэмэгдсэн. Үнэ ч өссөн. Өмнө нь 1000 га-д эмийн ургамал тариалж байсан бол энэ жил 2000 га-д тариалж байна. Бид бүтээгдэхүүнээ Япон, БНХАУ, БНСУ-руу гаргаж байна. Нэмээд Тайваньруу экспорт хийх захиалга ирсэн. Цаашид татварын бодлогоор дэмжээд өгвөл бидэнд дэлхийн зах зээлд гарах өргөн боломж байна гэдгийг уулзалтын үеэр Ерөнхий сайдад уламжилж байлаа.