Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн Уртын цагаан гэдэг газраас гарсан хээрийн түймэр Дорнод аймгийн нутагт орж ирсэн ч одоогийн байдлаар унтрааж чадаагүй байна. Ялангуяа cgлхи баруунаас зүүн тийш хүчтэй салхилж байгаа тул Матад сум, 21 -р талбай гээд Халхгол сумын нийт газар нутгаар түймэр тархаад байна. Дорнод, Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сумын Онцгой байдлын газар, Халхгол сумын ЗДТГ, сумын иргэд, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК, Матад сумын ЗДТГ, мэргэжлийн ангиас нийлсэн нийт 250 хүн түймрийн голомтод ажиллаж байна.
Нэмж Онцгой байдлын ерөнхий газраас нисдэг тэрэг 30 аврагч, Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас албан хаагчид, Зэвсэгт хүчнээс 50 албан хаагчийг дайчлах ажлыг бэлтгэж, ажил хангагдаж байгаа гэнэ. Мөн эмнэлгийн байгууллагаас баг бүрдүүлэх, хоол хүнс бэлтгэж хүргэх ажлыг зохион байгуулж байгаа талаар Дорнод аймгийн ОНЦГОЙ КОМИСС-оос мэдээллээ. Одоогийн байдлаар хохирлын хэмжээг гаргах боломжгүй бөгөөд 3 айлын гэр, нэг азарга адуу шатсан гэдэг мэдээлэл байна. Түймрийг унтрааж чадаагүй байгаа тул иргэдийг аврах тактик руу шилжиж байгаа гэнэ