Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой”-д тогтоосон онцгой дэглэмийг зургаан сараар сунгах УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэхээр боллоо. “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, тус компанид Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулж байгаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосон хугацаанд санхүүгийн нөхцөл байдал сайжирч, гадаад валютын орох урсгал нэмэгдсэн хэдий ч одоо хүрээд буй үр дүнг тогтвортой хадгалах, цаашид улам сайжруулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг олон улсын жишигт нийцсэн компани болгох зорилго тавиад буй юм. Нүүрсийг биржээр дамжуулан хил нөхцөлөөр борлуулах үйл ажиллагааг тогтворжуулах, гадаад валютын орох урсгал, нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор тус компанид тогтоосон онцгой дэглэмийг зургаан сараар сунгах нь зүйтэй гэж үзлээ.
· Онцгой дэглэмийн хугацаанд 10.2 сая тн нүүрс олборлож, 13.0 сая тн нүүрс борлуулан, 4.3 их наяд төгрөгийн орлого олж, төсөвт 1.5 их наяд төгрөгийн татвар төлсөн.
· Онцгой дэглэм тогтоосон хугацаанд 1,260.6 сая ам.долларын үнэлгээтэй 13.0 сая тонн нүүрс борлуулсан.
· Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нүүрсний нээлттэй цахим арилжааг анх удаа зохион байгуулж, нийт долоон удаагийн арилжаагаар 416.0 мян.тн нүүрсийг 53.9 сая ам.доллараар борлуулж, орлогыг 20.9 сая ам.доллараар нэмэгдүүлсэн.
· Нүүрсийг биржээр, хил нөхцөлөөр борлуулж, нүүрсний үнэ, борлуулалтыг нэмэгдүүлсэн.
· Нүүрс тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, тээврийн компаниудын үйл ажиллагааг дэмжсэнээр тэдний төсөвт төлөх татварын хэмжээ нэмэгдсэн
· “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайгаас нүүрс дутсан асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн.
· Төлбөрийг нүүрсээр төлдөг гэрээний тоог бууруулсан
· Уулын ажлын гүйцэтгэх зардлыг бууруулсан
· Компанийн өрийн дарамтыг бууруулж, ашигт ажиллагааг нэмэгдүүлсэн
· Ил тод байдлыг хангах үүднээс нууцад хамруулсан төслийн гэрээнүүдийг Засгийн газрын тогтоолоор ил болгосон
· Уурхайн хүчин чадлыг өсгөх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгох, өртөг, зардлыг бууруулах төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх бодлого баримталж байна
“Эрдэнэс Тавантолгой”-д тогтоосон онцгой дэглэмийг зургаан сараар сунгах төслийг өргөн мэдүүлнэ
2023-4-12
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.