Кувейт улсын эрх баригчид дэлхийн хамгийн өндөр барилгыг шинэ хотдоо барина гэж мэдэгдлээ. Нийслэлээс 26км зайд, эрт дээр үед Торгоны зам дайрч өнгөрдөг байсан нутагт одоо “Madinat Al Hareer” (Silk City –Торгоны хот) хэмээх шинэ хот сүндэрлэн босч байна. Торгоны хотын загварыг Английн “Civic Arts” компани бүтээжээ. Арабууд 130 тэрбум доллараар энэ шинэ хотоо барих аж. Торгоны хотод ойролцоогоор 700 мянган хүн оршин суух ба онгоцны том буудал, цэнгэлдэх хүрээлэн, мөн нийслэлийг Торгоны хоттой холбох 24 км урт “Jaber Al Ahmed” гүүр гээд дутуу юмгүй.
“Бид Дубайн цамхгаас ч өндөр “Burj Mubarak al-Kabir”-г босгоно. Манай цамхаг 1 километр өндөр байх юм. Тодруулбал, 1001м. Шинэ цамхаг маань хотын гол чимэглэл, сүрлэг, гоё барилга болно. Шинэ хотын барилгын ажлын гол хэсгийг 2023 онд дуусгахаар төлөвлөсөн, харин агуу төсөл маань 25 жил үргэлжилнэ. Торгоны хотыг барих явцад 430 мянган ажлын байр бий болж байгаа. Түүнчлэн бид дотоод гадаадын хөрөнгө оруулагчдад том боломж олгох юм” гэж Кувейтийн эрх баригчид мэдэгдлээ.
“Burj Mubarak” нь 234 давхар цамхаг бөгөөд сүлжилдсэн гурван конструкциас бүрдэнэ, ийм байдлаар хүчтэй салхи ба бусад чичиргээ вибрациас сайн хамгаалагдана гэж үзжээ. Шинэ цамхаг 250 км2 талбайд байрлах ба энд зочид буудал, орон сууц, офис, спортын төв, зугаа цэнгээний байгууллага бүр дархан цаазат газар ч багтана. Нийт 7000 хүн ажиллаж амьдарна гэж тооцоолжээ. Кувейт 1001 м өндөр цамхаг барьснаар нэг ёсондоо “Арабын 1001 шөнө” алдарт үлгэрийг дэлхийн түүхэнд мөнхөлж буй хэрэг гэнэ. Нэмж өгүүлэхэд, өнөөдөр манай гарагийн хамгийн өндөр барилга бол 828м өндөр Дубайн Бурж Халифа билээ.
#МЦогзолмаа орчуулав
Кувейт дэлхийн хамгийн өндөр цамхаг барина, 1001м
2023-4-19
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.