Португал улсын газар нутгийн бараг 90% нь ган гачигт нэрвэгдсэн тухай “Reuters” агентлаг мэдээллээ. Сүүлийн 3 жил дараалан Португал гантай байгаа аж. Ган гачгаас хамгийн их гарз хохирлыг хөдөө аж ахуйн салбар амсч байна. Тус орны эрх баригчид тусламж хүсч Еврр комисст ханджээ. Мөн Испанид урьд хожид байгаагүй их ган болж байна. “2023 оны 4 сар бол 1961 оноос хойш үзэгдээгүй хуурай, халуун байсан” гэж тус орны Цаг уурын агентлаг мэдэгджээ. Ялангуяа Каталон, Андалуст маш хүнд нөхцөл байдал үүсчээ, эндхийн усан сангуудын дөрөвний нэгт л ус хуримтлуулж чадсан аж. Каталоны фермерүүд өнөөдөр трактортой жагсаал хийж авто замын хөдөлгөөнийг хааж боон Засгийн газраасаа ус өгөхийг шаардсан тухай “NTD” мэдээллээ. “Хэрэв яаралтай арга хэмжээ авахгүй бол бид энэ жил ургацынхаа 5%-ийг ч авч чадахгүй”, “Усалгааны ус хүрэлцэхгүй хаос болж байна. Ургацаа аварч чадахгүй, модод мань устах вий гэж айж байна”, “Засгийн газар уг нь дэмжиж мөнгө өгдөг, гэхдээ хэт оройтож мөнгө нь ирдэг. Маш муу байна, хэт их асуудал хуримтлагдлаа” гэж эсэргүүцэгчид ярьжээ. Португалын Хөдөө аж ахуйн салбарын Үйлдвэрчний эвлэлүүд нэгдэж эрх баригчдад бас шаардлага хүргүүлэв. Татварын болон хөдөлмөрийн хөнгөлөлт үзүүлэх, татаас олгох, усалгаанд ашиглах бага ч болов усыг фермерүүдэд хуваарилж өгөх зэрэг шаардлагыг тэд тавьжээ. Зарим фермер хууль бусаар худаг цооног гаргаж эхэлжээ. “Андалуст л гэхэд 250 хууль бус худаг, цооног, цөөрөм илрүүлсэн. Үүнээс учирсан хохирол 10 сая евро хүрсэн, үүнтэй холбогдуулан 25 хүнийг баривчиллаа” хэмээн Испаний Цагдаагийн газар мэдэгджээ.
Францад бас ган гачиг нүүрлэжээ. “Маш эрт ган гачиг болж байна. Зүлэг ба ногооны газар, цэнгэлдэхийн хөрсийг услах, машин ба завиа угаах, усан сан ба усан оргилуур ашиглахыг эрх баригчид хориглосон. Зүүн Пиренейн захиргаа үлээдэг усан санг дэлгүүр хоршоогоор зарахыг хоригложээ” гэж “BFM TV” дамжууллаа. Усны түвшин 7-8 сарын хэмжээнд байгаа тухай салбарын мэргэжилтнүүд ярьжээ.
Португалын газар нутгийн 90% ган гачигт өртжээ
2023-5-11
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.