Манай гарагийн томоохон нууруудын 50% гаруй нь сүүлийн 30 жилд багасч ширгэж байгаа тухай Боулдер дэх Колорадын их сургуулийн эрдэмтэд мэдэгдсэн хэмээн “Guardian” дамжууллаа. Тодруулбал, нийт нуурын 53%-д усны нөөц багасчээ. Дэлхийн 1972 том нуурын зургийг 1992-2020 онд хиймэл дагуулуудын тусламжтай авч нийт 250 мянга гаруй гэрэл зураг цуглуулсныг эрдэмтэд судалсны эцэст дээрх дүгнэлтийг гаргасан аж. Тэд өндөр хэмжигч 9 хиймэл дагуулын гаргасан усны түвшний үзүүлэлтийг цуглуулж, аль болох урт хугацааны ажиглалтыг ашиглахыг хичээжээ.
Томоохон нууруудын 53%-д усны нөөц багассаныг эрдэмтэд цаг уурын загварын тусламжтай тайлбарлалаа. "Усны алдагдал жилд 22 гигатонн хүрч байна. Энэ бол АНУ-ын бүтэн жилийн усны хэрэглээ (2015). Усны түвшин багассан гол шалтгаан бол дэлхийн дулаарал (тухайлбал, дэлхийн аж үйлдвэржилт ихэсч хүн амын тоо өсч байгаа, гидротехникийн байгууламжийн тоо нэмэгдсэн гм), бас хүний ус ашиглалттай холбоотой үйл ажиллагаа. Америк, Афганистан зэрэг зарим нутагт асуудал нилээд хүндэрчээ... Жишээ нь: Калифорний Солтон-Си нуур, Юта мужийн Том давстай нуур. Өмнө нь зүв зүгээр байсан Афганистаны Гуд-э-Заре, Аргентины Мар-Чикита нуур ширгэснийг бид олж тогтоосон. Гандуу, хуурайвтар нутагт төдийгүй чийглэг бүсэд ч нуурын усны хэмжээ багасч байна. Тэр бүү хэл Арктикийн нуурууд хатаж ширгэсэн нь биднийг ихэд гайхашруулсан" гэж эрдэмтэд ярилаа.
Нууруудын усны түвшин нийтдээ буурсан хэдий ч 24%-д нь эсрэгээр усны түвшин нэмэгджээ. Үүний зэрэгцээ хиймэл усан сангуудыг шалгахад дэлхийн томоохон усан сангуудын гуравны хоёрт ус багассан байв. "Аляскт гоц дулаарал бүртгэгдсэн, түүнчлэн Дундад Ази, Ойрхи Дорнод, Финлянд, Канад, Австрал, Бразилид мөн ийм хандлага ажиглагдсан.... Оросын Европ дахь усан сангууд, Байгаль нуур, Хятадын хойд ба зүүн нутгуудад ч өөрчлөлт гарч байна" гэж мэргэжилтнүүд мэдэгдлээ.
#МЦогзолмаа орчуулав