"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдтэй уулзалт зохион байгуулж, тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсож ажиллалаа. Уулзалтын эхэнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Захиргаа, удирдлагын газрын дарга Н.Анун нийгмийн хариуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлуудаа танилцуулж, Өмнөговь аймаг болон Цогтцэций сумын Засаг даргын Тамгын газартай байгуулсан “Хамтын ажиллагааны гэрээ”-ний хүрээнд хийсэн хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өгөв. Компанийн зүгээс 2018-2022 онд нийт 50,3 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус аймагт хийжээ. Онцлох ажлуудаас дурдвал, уурхайгаас Гашуунсухайтын авто замтай холбох 8.2 км авто зам, Цогтцэций сумын төвд 1,1 км авто зам, 0,68 км авто зам, гэрэлтүүлэг, явган болон дугуйн зам, зогсоол байгуулж, Цогтцэций сумаас Баруун наран чиглэлийн 13.5 км авто зам тавьсан байна.
Мөн шинэ суурьшлын бүсийн 200 айлын 10/0.4кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, цахилгаан хангамжийн АТП-1, 2, 3 угсралтын ажлууд хийгдсэнээс гадна тус сумын Эрүүл мэндийн төвд химийн хортой хог хаягдал устгах автоклав болон дагалдах багаж хэрэгслийг хүлээлгэн өгсөн гээд өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудыг тайлагнав.
Харин энэ онд шинэчилсэн Хамтын ажиллагааны хүрээнд 5,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Үүнээс гадна ЭТТ ХК хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд Цогтцэций сумын Эрүүл мэндийн төвд нэг тэрбум төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх батламжийг сумын эмнэлгийн удирдлагуудад гардууллаа.