Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдсэн уул уурхайн компаниудаас “Эрдэнэс Тавантолгой” ХК хамгийн олон буюу 180 сая ширхэг мод тарих зорилго тавин ажиллаж, “Сая тонн-Сая мод” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Уурхайн хэмжээнд 2022 онд 178 мянган мод тарьсан бол энэ онд 1,3 сая мод тарьж ургуулахаар төлөвлөж, энэ хүрээнд Цогтцэций суман дахь салбарын оффисын талбайг тохижуулах, цэцэрлэгжүүлэх ажлыг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа. Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Байгаль орчны мэргэжилтэн Б.Оргил “Сая тонн-Сая мод хөтөлбөрийн эхний үе буюу 2022-2024 онд бэлтгэл ажил болох тарьц суулгац, нөөц бүрдүүлэлтийг хангахаар төлөвлөсөн. Энэ ажлын хүрээнд гурван байршилд мод үржүүлгийн агропарк байгуулна. Цогтцэций дэх компанийн салбарыг түшиглэн 10 га талбай болон Дорноговийн Зүүнбаян сумын 30 га-д бүрэн автомат мод үржүүлгийн агропарк байгуулан ажиллаж байна. Мөн Улаанбаатар хотын бүсэд 10 га талбайг сонгоно. Агропарк бүрэн хүчин чадлаар ажиллавал нэг талбайгаас жилд 10 сая хүртэлх тарьц суулгац авах тооцоотой байна” хэмээв.
"Сая тонн-Сая мод” хөтөлбөр гурван бүсэд хэрэгжих бөгөөд Хангайн нурууны түймэрт өртөж доройтсон Тарвагатай болон Булнайн нуруунд 68,2 сая мод тарихаар төлөвлөсөн. Мөн хуурай бүс буюу Дорноговийн Сайхан-Овоогийн нутаг, шар шороон шуурга хамгийн их үүсдэг газар болох Онгийн гол орчмын 27 мянган га талбайд 32 сая ширхэг модыг жимс жимсгэнийн зориулалтаар тарина. Түүнчлэн Говийн бүсэд заган ой, доройтсон ойг нөхөн сэргээх чиглэлээр авто замын болон төмөр замын ойн хамгаалалтын зурваст мод тарихаар төлөвлөсөн гэдгийг Байгаль орчны мэргэжилтнүүд онцоллоо.
"Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдсэн уул уурхайн компаниудаас ТЭЗҮ боловсруулан батлуулсан анхдагч компани болон манлайлж байна. ТЭЗҮ-ийг Батлан хамгаалах яам, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн судлаачдын 30 хүний бүрэлдэхүүнтэй баг боловсруулж, БОАЖЯ-ны дэргэдэх Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хуралдаанаар батлуулсан. Энэхүү ТЭЗҮ нь 9 боть 1552 хуудас бөгөөд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зорилт, зорилгыг бүрэн хангасан болохыг батламжилсан байна.