АНЭУ-ын элсэн цөлд хиймэл бороо оруулах цуврал туршилт амжилттай явагдлаа. "Цельсийн 50 градустай үед дроноор үүлс рүү цахилгаан гүйдлээр “буудаж” хур тунадас оруулахад илүү үр дүнтэй, нарийвчлалтай байсан" гэж туршилтыг явуулсан эрдэмтэд мэдэгдэв. Хиймэл бороо оруулах энэ технологийг “үүлэн тариалалт” гэж нэрлэдэг юм байна.
2022 онд АНЭУ 311 удаа “үүл тарих” ажиллагаа явуулж онгоцууд агаарт 1000 гаруй цаг ниссэн. Харьцуулахад, энэ улс 2016 онд ердөө 117 нислэг гүйцэтгэж байжээ. “Үүлэн тариалалт" бол цэвэр агаартай үед хур тунадасны хэмжээг 30% нэмэгдүүлдэг, харин тоосорхог агаартай үед 15%-иар ихэсгэдэг гэж Үндэсний цаг уурын төвийн шинжээчид тайлбарлалаа.
АНЭУ-д жилд 100 миллиметр хур тунадас ордог аж. "Үүл тариалалт" хэмээх арга нь давстай усыг цэнгэгжүүлэхээс 60 дахин хямд тусдаг аж. Тус улс 2023 оны хавар судлаачдын дунд 5 сая дирхамын шинэ грант зарласан билээ. Өөрийн газар нутагт унах хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх зорилготой энэ төслийн ялагчдыг 2024 оны 1-р сард шалгаруулах юм байна.