Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 14 дэх өглөөний ээлжит уулзалтаа төрийн нийтлэг үйлчилгээний салбарынхантай хийлээ. Монгол Улсын хэмжээнд 52.7 мянган хүн төрийн нийтлэг үйлчилгээний салбарт ажиллаж байна. 2023 оны 7-р сарын 1-нээс төрийн нийтлэг үйлчилгээний алба хаагчдын цалин 26-31 хувиар нэмэгдэхээр болж байгаа билээ. Уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар оролцов. Тус салбарт улсын хэмжээнд 52,7 мянган хүн ажиллаж байна.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд “Шинэ сэргэлт” илтгэл танилцууллаа. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг 2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн. -4,6 хувьтай байсан эдийн засаг 7,9 болтлоо өссөн байна. Боомтын сэргэлтийн ажлууд эрчимтэй өрнөж нүүрсний экспортыг ил тод, цахимаар арилждаг болсноор далд эдийн засаг ил болж улсын төсөв анх удаагаа 1,1 их наядаар даван биелж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5000 ам.долларт хүрсэн нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үр дүн гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа төрийн албан хаагчдын цалингийн шинэчлэлийн талаар танилцуулав. Төрийн албанд гүйцэтгэлд суурилсан цалингийн бодлого хэрэгжүүлэхээр зорьж байна. Эрүүл мэнд, боловсролын салбар гүйцэтгэлд суурилсан цалингийн системд шилжсэнийг дурдлаа. Улсын төсвийн тодотголд 986,6 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлд зарцуулна. Тэр дундаа төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалинг 26-31 хувиар нэмэгдүүлж байгааг сайд Х.Булгантуяа танилцууллаа.
Уулзалтын үеэр гарсан зарим саналаас түүвэрлэн хүргэе.
Архивын ерөнхий газрын архивч Б.Адъяа "Манай салбарыг төрийн мэргэжлийн үйлчилгээний ангилалд оруулж өгөхийг хүсч байна. Архив бичиг хэргийн ажилтан хамгийн бага цалинтай байна. Цалин урамшууллыг нэмэхэд анхаарч өгөөч гэдэг хүсэлтийг Ерөнхий сайдад уламжилсан юм.
Харин ЕБ-ын 14-р сургуулийн номын санч А.Сүрэнтуяа, Цалин, нийгмийн асуудлаас болж номын санчаар ажиллах хүн олдохгүй байна. Сургуулийн номын санч гэдэг бол хүүхдийг номд дурлуулах ажил хийх ёстой. Гэтэл номын сан хөмрөгөө бүртгэх, цахим бүртгэлийн ажилд бүх цагаа зарцуулж байна. Номын санчийн орон тоог нэмэх, цалин хөлсний асуудалд анхаарч өгөхийг хүслээ. мөн СБД-ийн биеийн тамир спортын хорооны ахлах дасгалжуулагч А.Хоролсүрэн, Цалин, нийгмийн асуудлыг анхаарч, орон сууцны дэмжлэг үзүүлэхийг хүсч байна. Цалин бага байдгаас спортын байгууллагад ажиллах хүн олдохгүй байна. Мөн тэмцээн уралдаан явуулахад спортын барилга байгууламж стандарт хангахгүй байна. Үүнд анхаарч өгөөч гэв.
Монголын Үндэсний музейн үйлчлэгч Ц.Гэрэлээ, Цалин бага байгаагаас үйлчлэгч хийх хүн олдохгүй байна. Мөн цалингийн асуудлаас болж орон сууцны ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байна. Цалин нэмэх асуудлыг анхаарч өгөхийг хүсч бол 1-р цэцэрлэгийн нарийн бичиг П.Батчимэг , Улс орны эдийн засгаас шалтгаалж цалинг бага ч болов нэмж байгаад баяртай байна. Боловсролын салбарын үйлчилгээний алба хаагчдын амралтын мөнгийг багш нартай адил бодож олгодог болгохыг, 2-рт "Алсын хараа-2050", "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг иргэн бүрт хүргэхэд анхаарахыг хүсч байна гэсэн юм.
Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын үйлчлэгч Н.Чимэдхорол, Илүү цагийн мөнгийг нэмж олгоход анхаарч өгөөч. Үйлчлэгч нар хүнд нөхцөлд ажилладаг тул тэтгэврийн насыг наашлуулах талаар судалж, шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэдгийг уулзалтын үеэр Ерөнхий сайдад уламжиллаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын төгсгөлд төрийн нийтлэг үйлчилгээний салбарыг гүйцэтгэлд суурилсан цалингийн системээр ажиллуулах, орон сууцны ипотекийн зээлд хөнгөлттэй нөхцөлөөр хамруулах боломж байгаа талаар судална гэдгийг хэллээ.