Монгол Улсын Засгийн Газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 466 дугаар тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталсан.
Энэ тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллах хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК болон Монголын хөрөнгийн биржээс нүүрсний цахим арилжааг зохион байгуулахтай холбоотой сургалтыг 2023 оны 2 дугаар сарын 1-ний өдөр цахихаар зохион байгууллаа.
Сургалтад оролцогчдод хандан Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат: “Цахим арилжаанд оролцогч нүүрс худалдан авагчдыг цахимд системд бүртгүүлэх, арилжааны дэнчин байршуулах, дуудлага арилжаанд оролцох болон нүүрс тээврийн зохион байгуулалтын талаарх мэдээллээр хангахаар бид энэхүү сургалтыг зохион байгуулж байна. Нүүрсийг хил нөхцөлөөр, биржээр арилжаалахтай холбоотойгоор “Эрдэнэс Таван толгой” ХК тээврийн тендер амжилттай зохион байгуулж, биржээр арилжаалах сайн чанарын нүүрсний нөөц бэлтгэн, шинжилгээний дүгнэлт гаргуулан, тусад нь овоолго үүсгээд байна. Түүнчлэн, биржээр арилжсан нүүрсийг улсын хилээр тусгай горимоор, түргэн шуурхай худалдан авагчдад хүргэх чиглэлээр холбогдох бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна” гэв.
Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны сургалтад гадаад болон дотоодын 230 гаруй ААН-ийн төлөөлөгчид оролцлоо.