Браизил улсын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва “Төрийн эргэлт гаргах гэж оролдсонтой холбогдуулан 1 сарын сүүл хүртэл нийслэл хотод Онц байдал тогтоолоо” хэмээн зарлав. Тэрбээр мөн “Хуулийн дагуу жагсах нь ардчилал. Гэвч өнөөдөр төр засгийн байгууллагууд руу халдаж дээрэм тонуул үйлдсэн нь олон нийтийн дэг журмыг зөрчсөн хэрэг.... Эмх замбараагүй байдал дэгдээгчдийг олж илрүүлэн шийтгэнэ, тэд бүгд хуулийн дагуу ял шийтгэлээ авах болно. Фашистууд гэж бидний нэрлэсэн тэр хүмүүс бол хамгийн өөдгүй, жигшим улс. Тэд улстөрд, ордон руу, Конгресс руу халдан довтоллоо” гэж мэдэгдлээ.
"Бразил улсын экс Ерөнхийлөгч Болсонару ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байна. 2023 оны 1 сарын 8-ны ням гарагт хуучин Ерөнхийлөгч Жаир Болсонаруг дэмжигчид хэдэн зуун мянгуулаа парламентын ордон руу дайрав. Чулуу, саваа мод барьсан жагсагчид мөн Ерөнхийлөгчийн ордон, Холбооны Дээд шүүх рүү ч халдан орж чадлаа. Тэд олон зуун цэргүүдийг барьцаанд авсан.... Нөхцөл байдал хяналтаас гарч байна" гэж “Globo” телевиз мэдээлжээ.
Цагдаа, цэргийнхэн сүүлдээ эсэргүүцэгчдийн эсрэг нулимс асгаруулах хий, дуу чимээний гранат зэргийг ашиглажээ. Бүр нисдэг тэргээс нулимс асгаруулах хий цацаж буй бичлэг интернэтэд түглээ.... Хүчний байгууллагууд хэдэн цагийн дараа л төр засгийн байгууллагуудыг эсэргүүцэгчдээс бүрэн чөлөөлж чадсан аж. Хууль зүй, нийтийн аюулгүй байдлын сайд Флавио Дино “Болсонаругийн талынхан ардчиллын эсрэг үйлдэл хийлээ, үнэхээр утгагүй алхам. Хүчээр өөрсдийн үзэл бодлыг тулгах оролдлого хэзээ ч бүтэхгүй” хэмээн мэдэгдэв.
Эмх замбараагүй явдлыг дарах үеэр 400 гаруй хүнийг саатуулж заримыг баривчилжээ. Тэднийг хэн болохыг тогтоож үйлдсэн хэргийн хүнд хөнгөнийг батлах ажиллагаа үргэлжилж байна. Нэмж өгүүлэхэд, Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва эмх замбараагүй явдлын дараа нийслэлд буцаж иржээ.
Бразилд эмх замбараагүй байдал үүсч Онц байдал тогтоов
2023-1-09
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.