Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлбэ гол, Дунд голын бүсэд барилга, орон сууц барьж буй зарим газарт очиж үерийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа. "Сэлбэ голын ус хальж, үерлэхэд хамгийн их нөлөөлж байгаа зүйл бол эрэг дагуух барилга, орон сууцны хорооллууд" гэж УОК, НОК-ийн удирдлагууд онцлон тэмдэглэв. “Усан парк” буюу сүүлийн үед иргэд “Авлига хороолол” гэх болсон барилгын талбай нь Дунд голын урсацыг сааруулж байгаа учир УОК, НОК-ийнхон эхний ээлжинд “Нарны зам”-аас урагшаа Соёмботой хөшөө хүртэлх авто замын гүүрэн байгууламжийг сэтэлж усыг гольдрилоор нь урсгах арга хэмжээ аваад байгаа аж.
"20О8 онд анх газар олгох зөвшөөрөл авахдаа “Усан парк” барина хэмээн газрын болон барилгын зөвшөөрөл гаргуулсан ч сүүлдээ орон сууцны хороолол барьж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд шат шатны Шүүх дамжиж цаг хожсоор өнөөг хүрсэн" хэмээн Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хэллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах үүрэг чиглэлийг УОК, НОК-ын удирдлагуудад өгөв.
1. Үер усны далан, суваг шуудуу хааж барилга барьсан компани, зөвшөөрөл газар олгосон, мөн хяналт тавиагүй холбогдох албан тушаалтнуудыг АТГ-т өгч яаралтай шалгуулах.
2. Голын ай сав, үерийн далан, суваг шуудууны ойролцоо баригдсан объектуудыг шалгаж, шаардлагатай гэж үзвэл барилга байгууламжуудыг нураах
3. БХБЯ-ны Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрыг түр хугацаанд Ерөнхий сайдын дэргэд ажиллуулах
4. Ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт аймаг, орон нутгийн засаг дарга нар газар олгохгүй байх хууль санааачлах
5. Үерийн нөхцөл байдалтай холбоотойгоор шаардлагатай хөрөнгө зардлыг гаргах
6. Гэр хороололд үеийн аманд буусан айл өрхүүдэд онцгой анхаарах
7. Халдварт өвчин гарахаас сэргийлж ариутгал халдваргүйжүүлэлтийг давхар, шуурхай хийж гүйцэтгэхэд анхаарч, эмнэлгийн байгууллагууд халдварт өвчин гарч болзошгүй эрсдлийг тооцож ажиллах.