“Цаг агаарын гоц үзэгдэл ар араасаа Америкийг нөмрөн авч байна. АНУ-ын зүүн хойд нутаг Вермонт мужид аймшигт үер буулаа. Одоо үер усны учруулсан гарз хохирлыг үнэлж эхэлсэн. Хэдхэн цагийн дотор мужийн нийслэл Монтпилиер хотод бараг 8 дюйм хур тунадас орлоо. Голын усны түвшин 21 футаар давж хотын төв живсэн. Их ус төмөр замыг ч урсгажээ. Ирэх амралтын өдрүүдэд мужид дахиад 4 дюйм бороо орно гэж зарласан. Хөрсний гулгалт, нуранги ихээр үүсч байгаа. Роллинг Хиллз Эстейт нутагт наад зах нь 12 байшин гуу жалга руу унасан, нэмж 16 байшин эрсдэлтэй байна. Ер нь ойрын саруудад дахин хөрсний гулгалт, нуранги үүсэхх аюул нүүрлэлээ.... Мөн Калифорни мужид асар их халуун шатаж шинэ шинэ рекорд тогтоох боллоо. Удахгүй Цельсийн 48 градус хүрэх төлөвтэй” хэмээн “ABC News” мэдээллээ.
“Живсэн Монтпилиер хотын ойролцоох далангийн байдлыг бид маш анхааралтай ажиглаж байгаа. Азаар өнөө өглөө усны түвшин багаслаа” хэмээн албаны хүмүүс ярив. “Үерийн их ус Лондондерри дэх манай байшингаас хэдхэн футын зайд авто замыг “залгиж” буйг би өөрийн нүдээр харлаа. Айрин хар шуургыг бид давсан болохоор энийг ч бас даван гарч чадна гэж найдсан юм. Харин одоо үүнийг бүр юу гэж нэрлэхээ ч мэдэхгүй байна” гэж иргэн Синтия Габб хэлжээ.
Америкийг нөмөрсөн өөр нэг гамшиг бол их халуун. "Флоридаас Калифорни хүртэлх газар нутагт 65 сая хүн энэ гамшигт өртөх төлөвтэй. Финикст 13 өдөр дараалан Фаренгейтийн 110 градус ба дээш байна. Калифорний ихэнх нутагт агаарын температур дунджаас 15 градусаар өндөр бүртгэгдлээ. Лас-Вегаст ирэх амралтын өдрүүдэд Фаренгейтийн 118 градус хүрнэ гэж мэдээлсэн... “Farmers Insurance” зэрэг даатгалын компани одоо Флорид, Калифорнид даатгалын нөхөн төлбөрөө бууруулж байна, энэ нь юуны өмнө цаг агаарын онц үзэгдлүүдэд хамаатай" хэмээн “ABC News” телевиз дамжуулав. Цаг уурч Жинжер Зи “Хэрэв Лас-Вегаст агаарын температур Фаренгейтийн 117 градус давах юм бол бүх цаг үеийн дээд рекорд тогтоох юм” хэмээжээ.
"Америкт их халууны улмаас жил бүр 1400 орчим хүн нас бардаг... Дэлхийн далайн 40% нь их халуунд өртдөг. Цаг уурын өөрчлөлтийн нөлөөгөөр асар их бороо орж байна, Өмнөд Калифорнийг нөмөрсөн гамшгийн гол хүчин зүйл энэ байх... Цаг уурын өөрчлөлтийн уршиг дагавар маш үнэтэй тусах болно. Ийм өөрчлөлтөөс болж дэлхийн далайн түвшин нэмэгдэх, нуранги үүсэх, том хотуудад газар доорх цаг агаар өөрчлөгдөх зэрэг уршиг дагавартай. Сүүлийн 70 жилд Чикаго хотын доорх газрын температур 5 градус гаруйгаар ихэсчээ. Үүнээс болж барилга байшингийн доорх хөрс шороо хөөж бамбайн хагарч байна” хэмээн эрдэмтэд сэрэмжлүүлжээ.
#МЦогзолмаа орчуулав.
ABC News: Америкт байгалийн гамшиг ар араасаа тохиожээ
2023-7-14
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.