“Их үер ойр ойрхон бууж байгаа нь ой модны эзлэх талбай улам бүр багасч буйтай холбоотой болохыг манай судалгаа баталлаа” хэмээн Британий Колумбын их сургуулийн эрдэмтэд (The University of British Columbia) мэдэгдэв. Тэдний энэ судалгааны материалыг “Journal of Hydrology” нийтэлжээ.
Канад улсын нутагт орших 2 бүсийг эрдэмтэд сонгон авч судалсан аж. "Дедман мөрөн ба Росс Крик голын усны хагалбар газрын ойролцоох ой мод багассан байдалд дүн шинжилгээ хийж үзлээ. Энэ хавийн ой модны 21%-ийг тайрсан байна, үүнтэй холбоотойгоор Дедман голын шар усны үерийн дундаж хэмжээ 38%-иар ихэссэн. Мөн ийм шалтгааны улмаас Росс Крик голын шар усны үер 84%-иар нэмэгджээ. Ой модыг тайрах нь үерийн давтамжид шууд нөлөөлж байна. Өмнө нь 10-50 жилд их үер болдог нутагт ой модыг тайрч устгасны дараа их үерийн давтамж ойртжээ... Ой моддыг устгасны дараа газар дээр их цас унаж үлддэг ба моддын сүүдэр байхгүй учраас хурдан хайлж... хүчтэй үер буудаг" хэмээн эрдэмтэд тайлбарлалаа.