Өмнөд Солонгосын парламент “Нохойн мах идэхийг хориглох тухай” хуулийг баталсан тухй “Yonhap” агентлаг мэдээллээ. Махыг нь идэхийн тулд нохой тэжээх, нохойн махыг зарж борлуулахыг хориглохын төлөө Өмнөд Солонгосын 208 депутат санал өгсөн бол 2 нь түдгэлзэв. Тус орны эрх баригч нам “Иргэний хүч”, мөн сөрөг хүчний гол нам “Нэгдсэн ардчилсан нам” хамтарч уг хуулийг дэмжсэн аж.
Махыг нь идэх, зарах зорилгоор нохой үржүүлсэн этгээдэд 20 сая хүртэл воны торгууль ногдуулна эсвэл 2 жил хүртэл хорих юм байна. Харин нохойн махыг эвдэж янзалсан бол 30 сая хүртэл воноор (22,8 мянган доллар) торгох буюу 3 жил шоронд хорино. Гэхдээ энэ хатуу хуулийн хэрэгжилт 3 жилийн дараагаас буюу 2027 оноос эхэлнэ. Тэр хүртэл хөнгөвтөр ял ногдуулах юм байх. Иймээс нохой үржүүлдэг ферм, дистрибьютор, зоогийн газар зэрэг нь өөрсдийн бизнесийг орон нутгийн засаг захиргаанд бүртгүүлэх ёстой. Эдгээр ферм, компани, байгууллагыг хаахад төр улсын зүгээс тэтгэмж, тусламж үзүүлэх гэнэ.
Өмнөд Солонгосын Засгийн газрын мэдээлснээр одоо тус оронд 1150 орчим нохой үржүүлдэг ферм, нохойн мах эвдэх 34 компани, 219 дистрибьютор болон нохойн махаар хоол хийдэг 1600 орчим зоогийн газар ажилладаг аж. “Korean Herald” сонин энэ сэдвээр 12 сарын сүүлээр хүн амын дунд асуулга явуулжээ. Асуулганд хамрагдсан хүмүүсийн 93,4% нь нохойн мах идэхгүй гэж хариулсан байна. Харин 2022 онд энэ хувь 88,6% байсан юм. Гэртээ нохой тэжээдэг хүмүүсийн 94,7%, нохойгүй хүмүүсийн 92,7% нь нохойн мах идэхгүй гэжээ.
Өмнөдийн тэргүүн хатагтай Ким Гон Хи шинэ хуулийг дэмжиж үг хэлэхдээ “Ерөнхийлөгч Юн Сок Ёл сонгуульд нэрээ дэвшүүлэхдээ нохойн мах идэхийг хориглохоо амлаж байсан” гэжээ. “Ерөнхийлөгчийн гэр бүл амьтанд их хайртай. Тэд 4 нохой, 3 мууртай” гэж “Рёнхап” агентлаг дамжууллаа.
#МЦогзолмаа орчуулав.
Өмнөд Солонгосын парламент нохой идэхийг хориглов
2024-1-10
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.