"Эквадор улс даяар дайн дажин дэгдлээ. Хар тамхины мафи Эквадорт иргэний дайн дэгдээв. Тэд шууд төр засаг, эрх баригчид, цагдаа, армид дайн зарлажээ" гэж дэлхийн ХМХ дамжууллаа. .
Эквадорын Ерөнхийлөгч Даниэль Нобоа орон даяар Онц байдал зарлаж Дотоодод зэвсэгт зөрчил дэгдсэн тухай мэдэгдэл гаргажээ. Тэрбээр цэрэг армидаа хандаж эх орныхоо тусгаар тогтнолын баталгаа болохыг уриалав. Нийслэл хотын төв рүү арми, цэргийн техникийг татаж байна.
Ерөнхийлөгч Даниэль Нобоа өөрийн орны нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын 20 гаруй гэмт бүлэглэлийг террорист байгууллага гэж үзэж устгах тушаалд гарын үсэг зуржээ.
Мафи шууд Кито дахь Ерөнхийлөгчийн ордныг эзлэхийг санаархсан, метро эзлэхийг завдсан гэсэн мэдээллийг ХМХ цацсан.
Шүдээ хүртэл зэвсэглэсэн дээрэмчид гудамжинд хүмүүсийг шууд алан хядан, хулгайлж барьцаалж байна. Масктай дээрэмчид өөрсдийн хийсэн дэлбэрэх төхөөрөмжтэйгээ “TC Televisión”-н шууд эфирийн үеэр халдлага үйлдэн хүмүүсийг барьцаалжээ. Хөтлөгчийн халаас руу гранат шургуулж буй зураг, телевизийн ажилтнууд айж дагжин шалан дээр хэвтэж сууж байгаа зураг цацагдсан.
Эквадорын хэдэн шоронд бослого дэгдэж зарим нь хоригдлуудын мэдэлд шилжлээ. Шоронгийн хуягуудыг дүүжилж буудаж байгаа зургууд, бичлэг интернэтээр тархлаа.
“Мафийн гишүүд олон хотод энгийн иргэдийг хулгайлахыг завдаж дээрэм тонуул хийж байна” гэж иргэд сошиалд бичжээ.
Гангстерууд одоо цагдаа нарыг харсан газраа хөнөөхийг зорьж байна, тэд цагдаагийн машинууд руу гранат шидэж Цагдаагийн хэсгүүд, байгууллагуудад халджээ. Түүнчлэн барьцаалагдсан цагдаа, цэргийн хүмүүсийн толгойд буу тулгасан бичлэг орон нутгийн сошиалд цацагдсаар байна. Дээрэмчид мөн дэлгүүр хоршоог тонож гудамжинд авто машинууд, автобусуудыг галдан шатааж эхлэв.
Мафи бас Гуаякилийн их сургуульд халдав. Оюутнууд ба багш нар анги танхимдаа бэхлэлт барин өөрсдийгөө хамгаалж байна. “Цагдаа нар яг одоо ТВ-д барьцаалагдсан хүмүүсийн заримыг суллаж зарим гэмт хэрэгтнийг баривчилсан” гэж “La Republica” бичжээ.
Эквадор бол хар тамхины картелиудын орон, кокаины трафикаар энэ улс дэлхийд тэргүүлэгчдийн нэг. Ерөнхийлөгчид нэр дэвшигч Фернандо Вильявисенсио өнгөрсөн оны 8 сард буудуулж амь үрэгдсэн. Тэрээр үхэхийнхээ өмнө “Синалоа картелийн толгойлогчдын нэг, “Лос Чонерос” бүлгийн тэргүүн Фито намайг хөнөөнө гэж сүрдүүлсэн” гэж мэдэгдсэн ажээ. Фито буюу Адольфо Масиас 34 жилийн ялтай 2011 оноос хойш Гуаякилийн шоронд хоригдож байсан юм. Гэтэл 1 сарын 8-нд тэр шоронгоос оргосон нь илэрчээ. Фито яаж оргосныг байтугай хэзээ оргосныг тогтоож чадаагүй. Энэ хэрэгт сэжиглэн баривчилсан 6 этгээд шууд шоронд алагджээ.
Энэ хэргийн дараа Ерөнхийлөгч Нобоа улс даяар 60 хоногийн турш Онц байдал тогтоох тушаалд гарын үсэг зурж, Фитог эрж хайхаар 3000 цагдааг томилсон, мөн бүх шоронд дэг журмыг сахиулахыг тушаажээ. Үүний хариуд мафи 1 сарын 9-нд шилжих шөнөөс энэ террорыг өдөөсөн. "Ганц хоногт Кито, Мачала хотын 7 цагдааг хулгайлсан.... шоронд 125 хуягийг бас захиргааны 14 ажилтныг барьцаалсан байна. 13 хүн амь үрэгдэж 70 хүнийг баривчилсан" гэж ХМХ мэдээлэв.
Хүн барьцаалсан хэрэгт сэжиглэгдсэн этгээдүүдийг газар дээр нь устгах эрхийг Ерөнхийлөгч Нобоа цагдаа, цэргийнхэнд олгожээ. Хар тамхины мафи үүний хариуд сургууль цэцэрлэгт буудалцааныг эхлүүлнэ гэж мэдэгдэв. Засгийн газар орон даяар бүх сургуулийн хичээлийг цуцаллаа.
Ерөнхийлөгч Нобоа 2023 оны 11 сарын сүүлээр сонгуульд ялж энэ албан тушаалд хашиж байгаа. Тэрбээр “Гэмт хэргийн эсрэг тэмцэл бол миний гол зорилго” гэж мөрийн хөтөлбөртөө тодорхойлсон юм.
#МЦогзолмаа орчуулав.
Хар тамхины мафи Эквадорт иргэний дайн дэгдээв
2024-1-10
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.