Молдав улсын парламент эрчим хүчний хямралын улмаас тогтоосон Онц байдлаа 60 хоног сунгалаа. “Молдавын нутаг дэвсгэрт тогтоосон Онц байдлыг 2023 оны 2 сарын 4-нөөс дахин 60 хоногийн хугацаагаар сунгах шийдвэр гаргав” хэмээн тус орны парламентын тогтоолд дурджээ. Тогтоолыг Эв нэгдэл, үйлдлийн намын 60 депутат дэмжсэн, харин сөрөг хүчин эсэргүүцэж бойкот зарласан аж.
Молдавт эрчим хүчний төлбөр, хүнсний бүтээгдэхүүний үнэ эрс өсч, сүүлийн 20 жилд байгаагүй инфляци нүүрлэж амьдралын түвшин улам унасаар байгаа тухай тус орны ХМХ мэдээлж байна. Ялангуяа тог цахилгаан, байгалийн хийн үнэ огцом өссөнөөс болж мод түлээний эрэлт их өсчээ. Тус улсын 660 мянган айл галладаг зуухтай юм байна. Молдавчууд хүйтний улиралд 1 сая гаруй м3 түлээ хэрэглэдэг. Гэтэл энэ жил зөвхөн 800 мянган м3 түлээ бэлдсэн тухай “Moldsilva” компани мэдээлжээ. Иймээс Молдав өвлийг эсэн мэнд давахын тулд Румын улсаас түлээ худалдаж авахаар болжээ. Румыны Ерөнхийлөгч Николаэ Чукэ 2022 оны 10 сард хямд үнээр мод түлээ нийлүүлэхээ мэдэгдсэн. 1м3 түлээний үнэ 400 румын лев (80 доллар) боловч румынчууд 2 дахин хямдруулж 200 румын левээр (80 доллар) зарахаа амласан аж. “Талууд гэрээ байгуулахаар хэлцээ хийж эхэлсэн, гэвч тохиролцоонд хүрч чадалгүй байсаар энэ оны 1-р сар хүрсэн. Бид нийт 130 мянган м3 түлээ худалдаж авахаар тохиролцож 1-р сарын эхээр гарын үсэг зурлаа” хэмээн Молдавын Ерөнхий сайд Наталья Гаврилица мэдэгджээ. Харин Молдавын Байгаль орчны яамын хэвлэлийн алба “Өчигдөр эхний хэсэг болох 2100 м3 түлээг хүлээн авсан. Энэ түлээг НҮБ-ын Цагаачдын асуудал хариуцсан Дээд комиссарын газар худалдаж авч өглөө. Ахмад дайчид, 70-аас дээш насны ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, цагаачдыг гэртээ амьдруулдаг айл өрх, бас цагаачдыг байрлуулсан төвүүдэд хүмүүнлэгийн тусламж болгон түлээ олгох болно” гэж мэдээлэв.
Молдав Онц байдлаа 60 хоног сунгав
2023-2-02
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.