Даний Ерөнхий сайд Метте Фредериксен нийслэл хотынхоо төвд зодуулжээ. “Энэ хэрэг 6 сарын 7-нд гарсан. Кюльторвын талбай дээр үл таних эр гэнэт Ерөнхий сайд эмэгтэй рүү дөхөж очоод мөр лүү нь хүчтэй цохиж унагаалаа хэмээн гэрчүүд хэлсэн” гэж тус орны ХМХ мэдээлэв. Зодсон эрийг 12 хоног баривчилжээ. Тэр Польшийн иргэн, 39 настай. Сэжигтэн 2019 оноос хойш Дани улсад амьдарч байгаа, гэхдээ дани хэлээр ярьдаггүй, мэдэхгүй гэжээ. Гэхдээ тэр гудамжинд хэнтэй таарснаа сайн мэдэж байсан гэж шүүх дээр хэлжээ. Харин эмч нар “Польш эр сэтгэцийн хувьд тогтворгүй, Ерөнхий сайдад халдахын өмнө юу хийж байснаа санахгүй байсан” гэж ярилаа. “Сэжигтэн этгээд халдлага үйлдэхдээ архи уусан эсвэл хар тамхины нөлөөнд автсан байсан бололтой. Тэр аман дотроо бувтнаад нилээд сандарч тэвдсэн харагдаж байсан” гэж Цагдаагийн тайланд дурджээ. Прокурорын газар харин ЕС Фредериксентэй холбоотой энэ хэргийг улстөртэй холбоогүй гэж үзэв.
Ерөнхий сайд Фредериксен энэ талаар “Би хөнгөн гэмтэл авсан, энэ үйл явдалд их цочирдож шоконд орлоо. Одоо би аюулгүй байгаа, сэтгэл санаа болон биеэ амраахын тулд гэр бүлтэйгээ цагаа өнгөрөөхийг хүсч байна” гэж мэдэгдлээ. Иймээс түүний оролцоотой албаны бүх арга хэмжээг цуцалжээ.
Нэмж өгүүлэхэд, Метте Фредериксен 46 настай, “Социал-демократ” намыг тэргүүлдэг ба 2019 оны зунаас Даний Ерөнхий сайдаар ажиллаж байгаа.
#МЦогзолмаа орчуулав.
Даний Ерөнхий сайд нийслэлдээ зодуулжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.