Таиландад амарсан жуулчдаас “Зика” вирүс илэрлээ. Энэ вирүс үхлийн аюултай биш, гэхдээ хүнд хэлбэрээр тусвал мэдрэлийн системд нөлөөлж ухаан муудах, саа тусах эрсдэлтэй.
“Зика” вирүсийн эхний тохиолдол Унгарын жуулчдаас илэрсэн байна. Энэ мэдээг Унгарын нийслэл хотын Эрүүл мэндийн үндэсний төв баталж, “2 хүн хөнгөн хэлбэрээр туссан. гэхдээ Унгарт тахал тархах аюул байхгүй” хэмээн мэдээллээ.
“Таиландын халуун бүсийн ой модоор аялахдаа аюулгүйн арга хэмжээ авах хэрэгтэй. Энэ вирүс бол шумуулаар дамжин тархдаг. Иймээс шумуулаас хамгаалах хэрэгсэл, тор тогтмол ашиглаж урт ханцуйтай цамц, урт өмд өмсөх хэрэгтэй. Ойрын хугацаанд жирэмслэхээр төлөвлөж буй хос “Зика” вирүсийн голомттой нутгаар аялахгүй байхыг зөвлөж байна. “Зика” вирүсийн шинж тэмдэг 3 долоо хоногийн дотор илэрдэг. Гадаадаас ирсний дараа эмчид үзүүлбэл зохино.... Зика вирүсийг эмээр эмчилдэггүй, вакцин ч байхгүй” хэмээн мэргэжилтнүүд сэрэмжлүүлэв.