Таиланд улсын хамгийн том арал Пхукет дээр үл мэдэгдэх вирүсээр 100 гаруй хүн өвчилсөн тухай тус орны ХМХ болон Аялал жуулчлалын агентлагууд мэдээллээ. Таиландын эрх баригчид шинэ Цар тахал дэгдэхээс их айж байгаа бөгөөд шинэ өвчин Пхукет арлын зөвхөн 3 дүүрэгт илэрсэн гэжээ. Тус орны Эрүүл мэндийн яам дээрх үйл явдалтай холбоотойгоор Түргэн тусламжийн тусгай төвийг байгуулсан тухай мэдээлэв. Халдвар авсан хүмүүст өндөр халуурах, их гүйлгэх, байнга бөөлжих , ходоод өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч байна. “Үл мэдэгдэх энэ вирүс борооны улирлаас болж хүнсний усанд орсон байх магадлалтай, улмаар ус ба устай цуг хэрэглэдэг мөсөөр дамжин хүмүүст халдварласан бололтой” гэсэн таамаглалыг мэргэжилтнүүд дэвшүүлжээ. Таиландын Засгийн газар мэдэгдэл хийхдээ “Энэ эмгэг вирүс хүмүүст ноцтой аюул учруулахгүй. Гэсэн ч үл мэдэгдэх вирүс тархахаас сэргийлэн жуулчид болон орон нутгийн иргэдэд хандан ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн дүрэм журмыг чанд сахихыг уриалж байна. Өөрөөр хэлбэл, гараа ойр ойрхон, маш сайн угаах ёстой. Мөн гудамжны хоол, мөстэй ундаанаас татгалзаарай” хэмээжээ.