“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ОНЦЛОХ АЖЛУУД
2024-08-01
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд 2024 оны эхний хагас жилд томоохон төслүүд ашиглалтад орж, компанийн үндсэн үзүүлэлт нэмэгдэж өмнөх амжилтаа давуулан биелүүлсэн цаг хугацаа байлаа. Өмнөх оны эхний хагас жилд 11.9 сая тонн нүүрс олборлож, 12.3 сая тонн нүүрс борлуулж байсан бол энэ оны эхний хагас жилд 17.1 сая тонн нүүрс олборлож, 16.8 сая тонн нүүрс борлуулж өмнөх оны мөн үеийн үзүүлтээс 30-40 хувиар давуулан биелүүллээ.
Компани өнгөрсөн онд 3.5 их наяд төгрөгийн ашигтай ажиллаж 2.8 их наяд төгрөгийн татвар төлж байсан бол энэ оны эхний хагас жилд улсын төсөвт 2.0 их наяд төгрөгийн татвар төвлөрүүллээ.
Эхний хагас жилд 27 удаагийн цахим арилжаагаар 10.8 сая тонн нүүрс худалдаалав
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны эхний хагас жилийн байдлаар Монголын Хөрөнгийн Биржээр 27 удаагийн нүүрсний нээлттэй цахим арилжааг зохион байгуулж, 1.2 тэрбум ам.долларын үнэлгээтэй 10.8 сая тонн нүүрсийг биржээр худалдааллаа.
Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газраас баримталж буй нүүрсийг хил нөхцөлөөр борлуулах, валютын орох урсгалыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд Биржийн арилжаа 2023 оны хоёрдугаар сард эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар "Эрдэнэс Тавантолгой" ХК нь нийт 95 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж 2.5 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 20.9 сая тонн нүүрсийг үнэ өсгөх зарчмаар биржээр арилжаалаад байна.
Баяжуулах үйлдвэрийн анхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх туршилт, тохируулгын ажлыг эхлүүлэх нээлт боллоо
"Эрдэнэс Тавантолгой" ХК стратегийн ач холбогдол бүхий томоохон 10 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Эдгээр төслийн нэг болох Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг 2022 онд эхлүүлж төслийн эхний шат болох жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэрийн анхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх туршилт, тохируулгын ажлыг эхлүүлэх нээлтийн арга хэмжээг 2024 оны зураадугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа.
Нүүрс баяжуулах үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор “Эрдэнэс Тавантолгой” ХК жилд дунджаар 24 орчим сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулж, 1.9 тэрбум ам.долларын борлуулалтын орлого олж, улс болон орон нутгийн төсөвт татвар, төлбөр хэлбэрээр нийт 185.8 сая ам.долларыг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй юм.
Мөн төсөл хэрэгжсэнээр улс орны болон бүс нутгийн нийгэм эдийн засгийн өсөлтийг дэмжиж 472-928 шууд ажлын байрыг шинээр бий болгож, экологийн сөрөг нөлөөллийг бууруулан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв ашиглалтад орлоо
Монгол Улсад анх удаа бүрэн автомат ажиллагаатай инженерийн байгууламж бүхий “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв”-ийг бүтээн байгуулж 2024 оны тавдугаар сарын 27-ны өдөр ашиглалтад орууллаа. Тус төв нь жилд 20 сая/тонн түүхий нүүрсийг дамжуулан ачих хүчин чадалтай юм.
Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв нь Тавантолгойн ордын Баруун, Зүүн цанхийн уурхайгаас олборлосон түүхий нүүрсийг хүлээн авч, бутлан тээвэрлэж, ангилан хольж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Нүүрс баяжуулах” үйлдвэрийг түүхий нүүрсээр хангахаас гадна төмөр замын тээвэрт бэлтгэн вагонд ачих технологийн 7 дамжлага бүхий цогц бүтээн байгуулалт юм.
Инженерийн цогц шийдэл бүхий бүрэн автомат системтэй Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв ашиглалтад орсноор чанарын шаардлагад нийцсэн нүүрсийг дундажлах боломж бүрдэх бөгөөд Тавантолгойн орд, уурхайн насжилтыг уртасгах, бага чанартай нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулах ач холбогдолтой төсөл юм.
Дэд станцын барилга угсралтын ажил дуусав
Тавантолгой Үйлдвэрлэл, технологийн парк түүний хүрээнд хэрэгжиж буй Нүүрс баяжуулах үйлдвэр, Загийн усны хоолойн ус хангамжийн систем, мөн цаашид хэрэгжих төслүүдийн цахилгаан хангамжийг шийдвэрлэх зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас хэрэгжүүлж, бүтээн байгуулалтыг гүйцэтгэсэн 110/35/10кВ-ийн 2х25МВт-ийн дэд станц-ын барилга угсралтын ажил 100% дуусч 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Улсын комиссын дүгнэлтээр ашиглалтад хүлээн авсан.
Загийн усны хоолойн бүтээн байгуулалтын ажил дуусав
Нүүрс баяжуулах үйлдвэрийг усаар хангах зорилготой, 63.65 литр/секунд батлагдсан нөөц бүхий “Загийн усны хоолой” гүний усны ордоос Тавантолгой орд руу шугам хоолой татах төслийн бүтээн байгуулалтын ажил 100% дууссан.