Орос, АНЭУ-ын иргэн Павел Дуров бол алдарт “Telegram”, “ВКонтакте” нийгмийн сүлжээг үндэслэгч. Тэрбээр АНУ-ын хамгийн алдартай сэтгүүлч Такер Карлсонд ярилцлага өгчээ. 2024 оны байдлаар “Telegram”-г дэлхийн хүн амын 9,9% идэвхтэй ашиглаж байна, энэ бол сард 900 сая идэвхтэй хэрэглэгч гэсэн үг. Дэлхийд 8-д жагсдаг энэ нийгмийн сүлжээний хэрэглэгчдийн 58% нь эр харин 42% эм бөгөөд голдуу 25-34 насныхан аж. “Телеграм”-д өдөрт 2,5 сая шинэ хэрэглэгч бүртгүүлдэг. Хачирхалтай нь, Дуров 900 сая хэрэглэгчтэй “Телеграм”-ынхаа маркетингт 1 ч копейка зарцуулаагүй.
* Би уг нь Америкийн Сан-Франциско хотод бизнес эрхлэн суурьшиж амьдрахаар төлөвлөсөн юм. Гэтэл “Twitter”-н төв байраар ороод гарч байхад над руу халдлага үйлдсэн. Үдшийн 8 цаг болж байв. 3 том залуу утсыг минь булааж авдаа. Би тэр үед Жек Дорситой уулзаад гарлаа гэж яг твитэлж байсан. Мэдээж, би утсаа тэдэнд үлдээхийг хүсээгүй. Тэд ч намайг эсэргүүцнэ гэж бодоогүй биз. Утсаа тэднээс булаан авч тэр залуустай жаахан үзэлцэв, цус ч урслаа. Гэсэн ч би тэднээс зугтааж чадсан, тэгээд энд амьдрах хэрэггүй юм байна гэж шийдсэн дээ. Тэд надаас хавьгүй өндөр залуус, гурвуулаа! Би тэдэнд зохих хариуг барьж чадсан гэж бодож байна (инээв). Гудамжинд надад халдсан цорын ганц орон бол Америк. Энэ үнэхээр шок байсан. Яагаад гэвэл би маш их аялж жуулчилдаг. Америкаас өөр хаана ч хэзээ ч надад халдаж байгаагүй ээ.
* Ингээд би Америкт Сан -Францискогоос өөр газарт суурьшихаар хайв. Гэтэл өмнөхөөс ч илүү түгшүүр, болгоомжлол төрүүлсэн явдал боллоо.... АНУ-ын тусгай албад, ялангуяа Холбооны мөрдөх товчоо (ХМТ) намайг мөрдөж мөшгиж хэт их анхаарал хандуулж байлаа. Тэр бүү хэл тэд манай сүлжээний кодыг олж мэдэхийн тулд инженерийг маань урвуулж авах гэж оролдсон. Хаа ч очсон онгоцны буудал бүр дээр ХМТ-ны 2 агент угтаж заавал баахан асуулт тавьдаг. Нэг удаа өглөө бүр өглөөний 9 цагт цайгаа ууж байтал миний түрээсэлсэн байшинд ХМТ-ныхон орж ирсэн гээч....
* Энүүхэндээ гэхэд АНУ-д бүтээсэн платформуудад би итгэдэггүй, аюулгүйн тал дээр. Инээдтэй сонсогдож байгаа байх. АНУ-д амсч туулсан бүхний дараа би ингэж боддог болсон.... Та нар “iPhone” эсвэл “Android” ашиглаж л таараа штэ.
* Бидэнд үнэндээ улс орнууд биш харин “Apple”, “Google” корпорациуд л дарамт шахалт үзүүлдэг. Өөрсдийнх нь гаргасан дүрэм журмыг мөрдөхгүй бол Телеграммыг хааж блоклоно гэж тэд сүрдүүлдэг. Үг хэлэх эрх чөлөө, чөлөөт хэвлэлийн тухайд ярихын бол энэ 2 платформ мөн чанартаа таны гар утсан дээрээ уншиж байгаа бүхнийг цензүүрдэж чаднаа.
* 10 гаруй жилийн өмнө би Цукербергтэй уулзсан юм. Би түүнд “ВКонтакте” өөрийн сүлжээний шинэчлэлийн талаар хэлсэн, заримыг дэндүү гоёчилж байгаад ярилаа... Гэтэл тэр бидний хийсэн зүйлсийг биш харин хийхээр төлөвлөсөн юмсыг маань дуурайх гэж, шинэ санааг маань хуулбарлах оролдсон шүү. Үнэхээр зугаатай.
* Эсэргүүцлийн ажиллагаа, хөдөлгөөнийхөн манай Telegram-г маш өргөн ашигладаг нь үнэн. Гэхдээ бид эрх баригчдыг юм уу эсвэл эсэргүүцэгчдийн алийг ч дэмждэггүй. Чухам ийм учраас манай компани Арабын Нэгдсэн Эмир улсад байрладаг.
* Надад асар их үл хөдлөх хөрөнгө байхгүй, нисэх онгоц болон тансаг усан хөлөг ч алга. Мэдээж хадгаламж бий. Дансанд бас биткоиноор хэдэн зуун сая доллар 10 жил “хэвтэж” л байгаа, би огт хөдөлгөдөггүй.
* Би өөрийн бүтээгдэхүүнийхээ цорын ганц менежер, манайд бүр хүний нөөцийн хэлтэс, мэргэжилтэн ч байдаггүй. Манай хамт олон маш цөөхүүлээ.
* “Twitter”-г Илон Маск худалдаж авсан нь үнэхээр гайхалтай, мундаг.
Нэмж өгүүлэхэд, “Telegram”-г шинжээчид янз бүрээр үнэлдэг: $2.2 -124 тэрбум. 2024 оны 1 сарын байдлаар ОХУ-д “Телеграм”-г сард дунджаар 84 сая орос ашиглаж байна, харин “В контакте”-г 90 сая (энд зөвхөн 12+ насныхныг дурдав). Өдөрт 58 сая орос “Telegram” хэрэглэдэг аж.
2023 оны 10 сар. Дэлхийн нийгмийн сүлжээний идэвхтэй хэрэглэгчдийн тоо:
1. Facebook 3,03 тэрбум
2. Youtube 2.49 тэрбум
3. Whats App 2 тэрбум
4. Instagram 2 тэрбум
5. WeChat 1,32 тэрбум
6. TikTok 1,21 тэрбум
7. Facebook Messenger 1,03 тэрбум
8. Telegram 0,8 тэрбум
9. Shapchat 0,75 тэрбум
"Telegram"-г улс орнууд яагаад хэсэгчилж эсвэл бүрэн блоклосон бэ?
Азербайжан - цэргийн үйл ажиллагаа
Беларусь -эсэргүүцлийн ажиллагаа
Бразил - Засгийн газар, эрх баригчдыг шүүмжилсэн
Герман - экстремизм
Иран -Засгийн газрыг шүүмжилсэн
Индонез - сөрөг контентууд
Куба -эсэргүүцлийн хөдөлгөөн
Орос -экстремизм
Хятад -Засгийн газрыг шүүмжилсэн
Хонконг -эсэргүүцлийн хөдөлгөөн
Таиланд -эсэргүүцлийн ажиллагаа
Энэтхэг - харгис хэрцгий үйлдэл, хүчирхийллийг түгээсэн
#МЦогзолмаа орчуулав.
“Telegram”-г үндэслэгч Дуров АНУ-ын Карлсонд ярилцлага өгчээ
2024-4-17
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.